Непалын туннельд ес хоног гацсан ажилчдыг эсэн мэнд аварчээ
Непал улсад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас усан цахилгаан станцын туннельд ес хоногийн турш гацсан ажилчдыг тус улсын армийн аврагчид эсэн мэнд гарган авчээ.
Баасан гаргийн аврах ажиллагааны үр дүнд "Upper Trishuli 3A" төслийн талбайн туннелиэс хоёр ажилтныг амьд гаргасан бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг бусад байршилд үргэлжлүүлэн явуулж байна.
Аврагдсан эхний ажилчин шаварт бүрэн дарагдсан байдалтай байсан бөгөөд Непалын армийн албан хаагчид түүнийг мөрөн дээрээ дамжлан гаргаж, газар дээр нь эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Үүний дараа туннелиэс хоёр дахь ажилчныг гаргаж авсан болохыг Непалын армийн төлөөлөгчид албан ёсоор баталлаа. Дээрх ажилчид өнгөрсөн наймдугаар сарын 26-нд тохиолдсон гамшгаас хойш газар доорх туннельд ес хоногийн турш гацсан байжээ.
Байгалийн гамшиг наймдугаар сарын 26-ны өдөр Гималайн нурууны Төвөдтэй хиллэх хэсэгт орших 3000 орчим фут өргөн мөсөн голын асар том хэсэг нурж, голын хөндий рүү унаснаар эхэлсэн юм. Үүний улмаас чулуу, шавар, мөс холилдсон хүчтэй үер болон хөрсний гулгалт үүсэж, усан цахилгаан станцуудыг сүйтгэжээ. Өнөөдрийн байдлаар гамшгийн улмаас 1204 хүн амь үрэгдэж, 4200 гаруй хүн сураггүй болоод байна. Түүнчлэн нийт 12 орчим усан цахилгаан станцын барилга байгууламж сүйдэж, 900 орчим ажилчин туннель дотор гацсан, эсвэл сураггүй болсон гэж бүртгэгджээ.
Одоогийн байдлаар Непалын арми, цагдаагийн 21,000 гаруй албан хаагч гамшгийн бүсэд үүрэг гүйцэтгэж байна.
Аврах ажиллагаанд олон улсын шинжээчид, түүний дотор Энэтхэгийн туннелийн аврах ажиллагааны нэрт мэргэжилтэн техникийн зөвлөгөө өгч оролцож байгаа юм. Аврагчид туннелийн гүн дэх агаартай хэсгүүдийг ("Goldilocks zones") онилон, шавар, нурангийг өрөмдөж бусад гацсан хүмүүсийг аврахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна.
Гамшигт хамгийн их нэрвэгдсэн Расува дүүрэг дэх "Upper Trishuli 3A" төслийн талбайгаас гадна ойролцоох "Rasuwagadhi" станцын туннельд 46 орчим хүн агаар, хоол хүнстэй "хуурай бүс"-д амьд байх магадлалтай гэж үзэж байна. Албаныхан тэдгээр иргэдийг авран хамгаалахын тулд эрэн хайх ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд туннелийн гүн рүү нэвтрэх техникийн шийдлүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.