Apple компани Хятадад зориулсан хиймэл оюун ухааны загвар хөгжүүлжээ
АНУ-ын Apple компани Хятадын зах зээлд зориулан тусгайлан боловсруулсан хиймэл оюун ухааны томоохон хэлний загвараа (LLM) Хятадын технологийн Alibaba компанитай хамтран хөгжүүлж, сургасан талаар Reuters агентлаг мэдээллээ.
Энэ нь Apple компани өмнө нь Хятадад хиймэл оюун ухааны үйлчилгээг нэвтрүүлэхдээ дотоодын гуравдагч талын загваруудад түшиглэж байсан стратегидаа өөрчлөлт хийж байгааг харуулж байна.
Apple компани өнгөрсөн сард Хятадын Кибер орон зайн захиргаанаас Apple Intelligence үйлчилгээгээ тус улсад нэвтрүүлэх зөвшөөрөл авсан. Тус компанийн Хятад дахь AI үйлчилгээнд Alibaba-ийн Qwen болон Baidu-ийн технологийг ашиглах талаар өмнө нь мэдээлж байсан юм.
Харин шинэ загвар нь Apple компанид Хятадын хатуу зохицуулалтыг дагаж мөрдөхийн зэрэгцээ AI-ийн хэрэглэгчийн туршлага, үндсэн технологидоо илүү их хяналт тавих боломж олгоно гэж эх сурвалжууд үзэж байна. Энэ алхам нь Huawei, Xiaomi зэрэг дотоодын үйлдвэрлэгчид AI технологийг бүтээгдэхүүндээ эрчимтэй нэвтрүүлж буй үед Хятадын зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх зорилготой гэж Reuters агентлаг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.