🔴COP17-ын Ногоон бүсийн бүтээн байгуулалт дуусаж, 42 мянган хүн хүлээн авахад бэлэн болжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 эхлэхэд хоёр хоног үлдээд байна. Хуралтай холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр болон холбогдох албаныхан бэлтгэл ажлын явц, иргэдэд зориулсан “Ногоон бүс”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.
Нийслэлээс иргэд болон үндэсний оролцогчдод үнэ төлбөргүй үйлчлэх “Ногоон бүс”-ийн бүтээн байгуулалтын ажил 100 хувь дуусаж, одоо дотоод тохижилт болон сурталчилгааны ажлууд хийгдэж байна. “Ногоон бүс”-д нийт долоон төрлийн барилга байгууламж байгуулжээ. Үүнд:
-4,000 м.кв үзэсгэлэнгийн танхим – 39 аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулна.
-1,500 м.кв Шинжлэх ухааны павильон – эрдэмтэн, судлаачид болон иргэдийн илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулна.
-1,700 м.кв үзэсгэлэнгийн павильон – төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын байгаль орчны чиглэлийн төсөл, хөтөлбөрийг танилцуулна.
-Ажилчид, техникийн барилга хооллох хэсэг, уран бүтээлчдийн хувцас солих өрөө болон техникийн өрөөнүүдтэй.
-Төв тайз 12 хоногийн турш урлагийн тоглолт, илтгэл, арга хэмжээ зохион байгуулна.
-Үзэсгэлэнгийн гурван гэр Монголын биет болон биет бус соёлын өвийг танилцуулна.
-Мөн кино нээлт, үзвэр зохион байгуулна.
“Цэнхэр бүс” ба “Ногоон бүс” COP17-ын үйл ажиллагаа хоёр үндсэн бүсэд зохион байгуулагдана. Цэнхэр бүс нь зөвхөн мандаттай төлөөлөгчдөд зориулсан хаалттай бүс бөгөөд талуудын үндсэн хурал, хэлэлцээрүүд энд явагдана. Тус бүсэд ойролцоогоор 17 мянган оролцогч ажиллахаар төлөвлөжээ.
Харин Ногоон бүс нь иргэдэд нээлттэй бөгөөд нийт 481 арга хэмжээ зохион байгуулж, 42 мянга орчим хүн оролцохоор төлөвлөсөн байна. Ногоон бүсийн арга хэмжээнд Монголын 81 эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгийн судлаачид, 272 иргэний нийгмийн байгууллага, мөн гадаадын 60 гаруй орны төлөөлөгч оролцож, нийт 1,500 орчим илтгэл тавина. Түүнчлэн төсөл танилцуулах, хамтын ажиллагаа болон санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр 110 хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Монгол Улсын иргэн бүр “Ногоон бүс”-ийн үйл ажиллагаанд оролцох боломжтой. Урьдчилан бүртгүүлэх: unccdcop17.org сайтад нэвтэрч “Ногоон бүсийн бүртгэл” хэсгээр бүртгүүлэн QR код авна. Мөн ногоон бүсэд очиж иргэний үнэмлэх болон E-Mongolia ашиглан бүртгүүлж боломжтой.
COP17-ын үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаарх мэдээллийг “COP17” гар утасны аппликэйшн, cop17ger100.com сайтаас авах боломжтой. Мөн “Rea” аппликэйшнээр олон улсын оролцогчид, илтгэгчид болон төслүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой. Урлаг, соёлын олон арга хэмжээ зохион байгуулна “Ногоон бүс”-д Монголын бараг бүх театр, урлагийн байгууллагууд сэдэвчилсэн өдрүүдийн хүрээнд өдөр бүр тоглолтоо толилуулна.
Мөн 21 аймаг өөрсдийн онцлог, шилдэг туршлага, урлаг соёлын өвөө танилцуулж, орон нутгаас ирсэн малчдын дуу хоолойг хүргэх нээлттэй талбар ажиллана. Түүнчлэн “Кино гэр”-т олон улсын гурав, дотоодын гурав буюу нийт зургаан киноны нээлт болохоос гадна байгаль орчны сэдэвтэй нэвтрүүлэг, баримтат кино үзэгчдэд хүрэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.