“Чан-хом” хар салхи Японы Ибараки мужид газардлаа
Японы зүүн хэсгийг чиглэсэн “Чан-хом” (Chan-hom) халуун орны шуурга наймдугаар сарын 11-ний орой Ибараки мужийн өмнөд хэсэгт газардлаа.
Шуурганы улмаас Токио болон Канто бүсийн зарим хэсэгт хүчтэй салхи, аадар бороо орж, цахилгаан тасрах зэрэг нөхцөл байдал үүссэн байна. Ибараки, Иватэ, Точиги мужид нийт долоон хүн хөнгөн гэмтжээ.
Шуурганы үеэр 22 мянга гаруй айл өрх цахилгаангүй болсон бөгөөд наймдугаар сарын 12-ны байдлаар ихэнх хэсгийн цахилгаан хангамжийг сэргээсэн байна.
Мөн Токиогийн Ханэда нисэх онгоцны буудлаас хөөрөх болон буух 60 орчим нислэг цуцлагджээ. Японы цаг уурын байгууллагаас тус улсын хойд болон баруун хэсэгт үргэлжилсэн аадар бороо, аянга цахилгаантай бороо орохыг анхааруулж, үер, хөрсний гулгалтын эрсдэлээс сэрэмжлүүлсэн байна.
Япон Улсад 1951 оноос цаг уурын бүртгэл хөтөлж эхэлснээс хойш Ибараки мужид “Чан-хом” нь шууд газардсан анхны халуун орны шуурга болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.