Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
Өнөөдрийн байдлаар Хангай нурууны араас усжих Идэр (Галт сум Зүрх баг), Чулуут, Гичгэнэ, өврийн Байдраг, Буянт (Отгон сум), Завхан (Гуулин сум), Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн сум), Хараа (Баянгол сум Баруунхараа баг) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 15-45 см нэмэгдсэн байна.
Мөн Хараа (Дархан), Онон (Дадал сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 5-25 см, Туул (Лүн сум) гол үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
-Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.