🔴Торгоны замын цуваа 6.000 гаруй километр замыг туулж Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдлыг олон улсын хэмжээнд таниулах зорилготой дэлхийн хэмжээний санаачилга болох Торгоны замын цуваа өнөөдөр Монгол Улсад аяллаа эхлүүлж байна. Энэхүү аялал нь 2026 оны наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын өмнөхөн Монголд ирж байгаа юм.
Олон мянган жилийн турш Монголын тал нутаг нь Евразийг холбосон хүмүүс, бараа бүтээгдэхүүн, үзэл санааны урсгалын гэрч болсоор ирсэн. Монголын түүхэн хамгийн чухал бүс нутгуудын нэг болох Орхоны хөндий нь үе үеийн нүүдэлчин эзэнт гүрнүүдийн улс төр, соёлын төв байж ирсэн бөгөөд үе дамжин өвлөгдсөн мал аж ахуйн соёл нь өнөөдөр ч Монголын онцлогийг тодорхойлсоор байна.
Энэ наймдугаар сард энэхүү түүх шинэ хуудсаа нээж байна. UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цуваа Евразийг дамнан 6,000 гаруй километр замыг туулсны эцэст Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Замын туршид тус цуваа малчид, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, залуучууд болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, бэлчээрийг нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр туршлага, бодит шийдлүүдээ харилцан хуваалцсан юм..
НҮБ-аас зарласан 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил (IYRP 2026)-ийг дэмжих зорилгоор UNCCD-ээс санаачлан хэрэгжүүлж буй Торгоны замын цуваа нь эртний Торгоны замын Ази, Европыг холбож байсан хамтын ажиллагааны үзэл санааг сэргээн үргэлжлүүлж байна. Тавдугаар сард Туркээс гараагаа эхэлсэн энэхүү аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргизстан, БНХАУ-аар дамжин үргэлжилж, газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагуудтай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзжээ. Энэхүү аялал нь бүх түвшний хамтын ажиллагаа, тууштай хүчин чармайлт нь доройтсон газрыг сэргээхэд ямар чухал болохыг тодотгосон юм.
UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад хэлэхдээ:Торгоны замын цувааны аяллын туршид бид улс орон, орон нутгийн иргэд өөрсдийн онцлог, соёл, эдийн засаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, сэргээж байгааг харлаа. Аяллын турш хийсэн зогсоол бүр бидэнд нэг энгийн үнэнийг дахин баталсан. Тэр нь газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь хүн өөрөө юм. Эдгээр туршлагаас харахад нөхөн сэргээх цорын ганц загвар гэж үгүй. Монгол Улсад COP17-д цуглаж буй энэ үед бидний үүрэг бол орон нутгийн эдгээр туршлагыг дэлхийн хэмжээний бодит үйл ажиллагаа болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулалт хийх явдал юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.