Монгол Улс оршуулгын асуудлыг зохицуулсан хуульгүй

Монгол Улс оршуулгын асуудлыг зохицуулсан хуульгүй

Оршуулгын зан үйл нь тухайн улс үндэстний соёлын нэгээхэн хэсэг. Нүүдэлчдийн соёлоор өөд болоочийг ил тавих эртний зан үйл орон нутагт өнөөдрийн хүртэл байсаар байна. Байгальд хамгийн ээлтэй нь төгс оршуулга нь ил тавих гэж хэлэх лам байхад шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй энэ зан үйлийг заавал хуульчлах шаардлагатай гэж үзэх нь ч бий. Сүүлийн өдрүүдэд тус асуудалд нийгмийн бүхий л түвшинд яригдаж, хууль эрхзүйн орчин өнөөдрийг хүртэл байгаагүйг төрийн тэргүүнээсээ эхлээд анхаарлаа хандуулан, асуудалд ул суурьтай хандах шаардлага үүссэнийг баталлаа

Улсын хэмжээнд жилд 18 мянган хүн нас бардаг гэсэн статистик мэдээлэл байна. 1990-ээд оноос өмнө монголчуудын үхлийн шалтгаан нь голдуу энгийн байжээ. Гэтэл одоо янз бүрийн өвчнөөр нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай болсон. Талийгаачдыг газарт оршуулсан тохиолдолд зөөлөн эд нь 3-5 жил, хатуу эд нь 60-70 жилд задардаг ажээ. Ийн задрах явцдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хий ялгаруулдаг байна. 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оршуулгын газрын журмыг 2014 онд анхлан гаргаж, 2024 онд дахин шинэчлэн баталжээ. Оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн аймаг, дүүргийн ИТХ-ын зөвшөөрлөөр өгдөг. Гэхдээ энэ асуудал нь дан ганц нэг журмаар шийдэгдэх асуудал биш юм. Нийслэлийн хэмжээнд 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байна. Улаанбаатар хот дотроо болон хотыг тойроод оршуулгын газрууд олон байна. Монгол улсын хэмжээнд нийтдээ 40 гаруй оршуулгын компани үйл ажиллагаа явуулж байна. Тухайн компаниудад газрыг 60 жилээр ашиглуулах зөвшөөрлийг олгодог байна. Харин шарил харьяалагдах байгууллага нь хог хаягдал, менежментийн газар байдаг аж. Нийгэм, цаг үеэ дагаад энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.Учир нь монгол улс оршуулгын тухай хуульгүй, оршуулгын үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сангүй, нас барагчийн оршоосон газар нутаг, байршил болон холбогдох мэдээлэл бүрэн гүйцэд болоогүй өнөөдрийг хүрчээ.

Оршуулгын тухай хууль гаргах санаачилга 2012 оноос эхэлжээ. Оршуулгын тухай хуульд шашин, нүүдэлчдийн соёлын онцлогийг харгалзан үзэх ёстой. Мөн шинжлэх ухаанд тулгуурлах ч шаардлагатай гэдгийг албаныхан сануулсаар байна. Хүн төрөхөд төрсний гэрчилгээ өгдөг бол нас барсан тохиолдол хаана оршуулсан газар нь хаана байдаг вэ гэдгийг нь бүртгэдэг системтэй байх хэрэгтэй. Түүнчлэн ямар өвчний жагсаалтаар заавал чандарлах ёстой вэ гэдгийг нарийвчлан зааж өгөх шаардлагатай байна. Боом, гэдэсний савханцар, гэдэсний хижиг, тарваган тахал зэрэг халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд шарилаас ялгарах бактери 60 жил үргэлжилдэг. Иймд ийм халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд заавал чандарладаг байх зэргийг хуульд тусгайлан гаргах нь зөв гэдгийг төрийн түшээд ч сануулж байна. Дэлхийн бусад орнууд аль эртний Оршуулгын тухай хуультай болжээ. Гэтэл манайд хэдэн төгрөгөөр торгох төдий журмаар зохицуулсаар өнөөдөртэй золгожээ. Эцэст нь энэ зөвхөн нас барсан иргэдийн асуудал бус Монгол Улс хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн буй орчныг бохирдлоос сэргийлэх ажлын ердөө нэгээхэн хэсэг, төрийн хийх ёстой ажил юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.