Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Баатар нарын холбогдсон хэргүүдийг нэгтгэж шалгах уу

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Баатар нарын холбогдсон хэргүүдийг нэгтгэж шалгах уу

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний ойр тойрныхонтой холбоотой хүмүүсийг эрүүгийн хэрэгт шалгаж буй дуулиан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр олны анхааралд өртлөө. Ерөнхий сайд, МАН-ын даргын сэнтийгээсээ бууснаас хойш намынхнаа талцуулж, эрх мэдэл, албан тушаалдаа эргэн очих гэж элдэв хор найруулж байгаа гэгдэх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллагаас эрүүгийн хэрэгт шалгаж буй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Шадар сайд асан, өдгөө өмгөөлөгчөөр ажилладаг Гавьяат хуульч Ц.Оюунбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т гомдол гаргасан юм. Ингэхдээ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо “Хэрэв парламентын засаглал руу халдах гэж байгаа бол ард түмнийг төв талбайд тэмцэлд дахин уриална” гэж мэдэгдсэн нь үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэргийн шинжтэй хэмээн гомдолдоо онцолсон байдаг. Үүний дагуу ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад, улмаар Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Эрүүгийн хуулийн 19.9-1-ийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан” гэх хэргийг өдүүлэхийг завдсан хэмээн яллагдагчаар татах тогтоол баталсан аж. Л.Оюун-Эрдэнэд ямар нэгэн таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсэх нь ирэх өдрүүдэд тодорхой болох биз.

Харин өнгөрсөн баасан гарагт түүний хамаарал бүхий хүн буюу төрсөн ах Б.Баатарт хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх авлаа. "Херо энтертайнмент групп" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарт НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан", 18.6-1-ийн "Мөнгө угаасан" гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм. Энэ хүрээнд түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлснийг шүүгч Б.Отгонцэцэг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч хянан хэлэлцсэн. Улмаар цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, тайлбар зэрэгтэй танилцаад Б.Баатарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, есдүгээр сарын 25-наас эхлэн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

"Херо энтертайнмент"-ийн Б.Баатарын хувьд "Гэрэгэ цамхаг"-ийн 15 дугаар давхрыг залилж авсан хэмээн буруутгагдаж буй бөгөөд саяхан хилийн чанад руу явж байгаад ирсэн нь прокурор таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал гаргах үндэслэл болсон бололтой. Эдгээр дуулиантай зэрэгцээд Л.Оюун-Эрдэнийн үеэл, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол баталсан нь олны анхааралд өртөв.

Эх орондоо ирээд байсан тэрбээр яллагдагчаар татах тогтоол батлахаас хэдхэн хоногийн өмнө хилээр гарч явсан. Түүнийг “Туулын хурдны зам”-ын гэх хэрэгт шалгуулж буй нийслэлийн Засаг даргын I орлогч Т.Даваадалайгийн үйлдэлд хамжигч, зохион байгуулагчаар хамтран оролцсон хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Баатар нарын үйлдлийг нэгтгэх үү, эсвэл тус тусад нь шалгах уу гэдгийг ирэх өдрүүдэд прокурорын байгууллага шийдвэрлэх биз ээ.

Г.Равжаа 

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 17 минут
Hutsdag, hudlaa yum bichihee boli