АНУ болон Ираны дипломат маргааны улмаас газрын тосны үнэ өслөө
АНУ болон Иран улсын хооронд үүссэн дипломат маргааны улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэг гаруй хувиар өсөж, "Brent" маркийн газрын тосны үнэ баррель нь 105.64 ам.долларт хүрсэн бол "WTI" маркийнх 93.11 ам.долларт хүрлээ.
Тегераны зүгээс дэвшүүлсэн эвлэрлийн түр хэлэлцээрийн саналаас Вашингтон татгалзсан нь эрчим хүчний тээвэрлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлж, зах зээлийн үнийг хөөрөгдөх гол хүчин зүйл болжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтын үеэр Ираны төлөөлөгчид Катарын зуучлалаар долоо хоногийн гал зогсоох болон стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойгоор дамжих хөлөг онгоцны хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөг хүргүүлсэн юм. Иран уг саналынхаа хариуд өөрийн царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх, АНУ-ын тэнгисийн хоригийг цуцлах, газрын тосны эсрэг авсан хориг арга хэмжээг бүрмөсөн цуцлах болон Ливан зэрэг бүс нутгийг хамарсан гал зогсоох тохиролцоо хийхийг шаардсан байна.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг саналыг хүлээн авахаас татгалзаж, Тегеран боломжоо хэт үнэлсэн шаардлага тавьж байна хэмээн мэдэгдсэн бол НҮБ дахь АНУ-ын элчин сайд урьдчилсан болзол тулгасан энэхүү алхмыг хүлээн авах боломжгүй гэжээ.
Хэдийгээр АНУ саналаас татгалзсан ч Ерөнхийлөгч Дональд Трамп талуудын шууд бус хэлэлцээ ойрын хугацаанд үргэлжилнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хоолойг нээх нөхцөлөөсөө ухрахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдсэнээр дипломат харилцаа дахин гацаанд ороод байна.
Дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн тээвэрлэлт ноцтой хязгаарлагдсан хэвээр байгаа нь түүхий эдийн үнэд геополитикийн эрсдэлийн өндөр шимтгэл шингэхэд хүргэв. Түүнчлэн Ираны дэмжлэгтэй хусит босогчдын Саудын Араб руу чиглүүлсэн хоёр баллистик пуужин болон хоёр нисгэгчгүй төхөөрөмжийг эвслийн хүчин сөнөөсөн нь бүс нутгийн аюулгүй байдлыг сааруулж байгаа аж.
Эрчим хүчний үнэ өсөхийн хэрээр инфляцын дарамт удаан хугацаанд хадгалагдах төлөвтэй болж, улмаар ам.долларын индекс 101.15 нэгжид хүрсэн нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.