Дэлхийн төв банкууд ам.доллароос татгалзаж алтны нөөцөө түүхэн хэмжээгээр нэмэгдүүлж эхэллээ
Дэлхийн төв банкууд геополитикийн тодорхойгүй байдал болон АНУ-ын бодлогын эрсдэлээс сэргийлж, ам.доллароос татгалзан алт худалдан авах стратегийг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Мөнгө, санхүүгийн байгууллагуудын форум болон Дэлхийн алтны зөвлөлөөс 2026 оны зургадугаар сард танилцуулсан тайлангуудад тэмдэглэснээр, төв банкуудын алтны нөөц түүхэндээ анх удаа АНУ-ын Засгийн газрын бондоос давж гарчээ. Уг бүтцийн өөрчлөлт нь олон улсын санхүүгийн системд ам.долларын давамгайлах үүрэг аажмаар суларч байгааг илтгэж байна.
Нийт 10 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг 74 төв банк болон 16 тэтгэврийн санг хамруулсан OMFIF-ийн судалгаагаар, түүхэнд анх удаа ойрын арван жилд ам.долларын хөрөнгө оруулалтаа бууруулах төлөвлөгөөтэй банкуудын тоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаас давсан байна. Үүнд АНУ-ын геополитикийн тогтворгүй байдал дахь оролцоо болон тус улсын тарифын бодлого зэрэг улс төрийн эрсдэлүүд голлон нөлөөлжээ.
Үүний зэрэгцээ төв банкуудын 30 хувь нь ирэх хоёр жилийн хугацаанд алтны нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд биет алт эзэмшигч төв банкуудын эзлэх хувь 2025 онд 71 хувь байсан бол 2026 онд 82 хувьд хүрч өссөн байна.
Өдгөө төв банкууд ойролцоогоор 4 их наяд ам.долларын алт эзэмшиж байгаа бол АНУ-ын Засгийн газрын бондын хэмжээ 3.9 их наяд ам.доллар байна. Судалгаанд оролцсон нөөцийн менежерүүдийн 89 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд алтны нөөц үргэлжлэн өснө гэж таамаглаж байгаа бөгөөд 74 хувь нь ирэх таван жилд ам.долларын эзлэх хувь хэмжээ буурна гэж үзэж байна.
Геополитикийн хурцадмал байдал болон эдийн засгийн тодорхойгүй байдлаас шалтгаалан төв банкууд сүүлийн дөрвөн жилийн турш жилд дунджаар 1000 тонн алт худалдан авсан нь өмнөх арван жилийн дунджаас хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Хэдийгээр ам.доллар нь дэлхийн гадаад валютын нөөцийн 58 хувийг бүрдүүлж, ойрын хугацаанд давамгайлах байр сууриа хадгалах боловч түүний урт хугацааны нөлөө суларсаар байна. Судалгаанд оролцсон төв банкуудын 61 хувь нь 2027 оны зургадугаар сар гэхэд алтны ханш нэг унц нь 5000-6000 ам долларт хүрч тогтворжих хүлээлттэй байгаа нь алтны стратегийн ач холбогдол улам өсөхийг харуулж байна.
Эх сурвалж:
• kvia.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.