Оросын иргэд банкуудаас хагас их наяд рублийн хадгаламжаа татжээ
Оросын Холбооны Улсын Төв банкны тайлангаас үзвэл, тус улсын иргэд 2026 оны тавдугаар сард арилжааны банкууд дахь хадгаламж болон данснаасаа 500 тэрбум рубль эргүүлэн татсан байна.
Хөрөнгийн гадагшлах урсгал нь өмнөх оны дөрөвдүгээр сард иргэдийн хадгаламж 1.1 их наяд рублиэр өсөж байсантай эсрэгцэж байгаа бөгөөд Төв банкнаас үүнийг баярын өдрүүдийн зардал болон нийгмийн халамжийн урьдчилгаа төлбөртэй холбон тайлбарлаж байна.
Төв банкны "Оросын Холбооны Улсын банкны салбарын хөгжил" тайланд тэмдэглэснээр, зургадугаар сарын 1-ний байдлаар банкууд дахь иргэдийн нийт хөрөнгийн хэмжээ 67.6 их наяд рубль болж буурчээ. Хөрөнгийн гадагшлах урсгалыг нарийвчлан авч үзвэл, иргэдийн харилцах дансны үлдэгдэл 300 тэрбум рублиэр буюу 1.4 хувиар, харин хугацаатай хадгаламжийн хэмжээ 200 тэрбум рублиэр буюу 0.4 хувиар тус тус хорогдсон байна.
Хадгаламж буурах болсон гол шалтгаануудын нэг нь тавдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэмжүүдийг дөрөвдүгээр сард урьдчилан олгосон явдал юм. Үүний улмаас дөрөвдүгээр сард банкуудын эх үүсвэр хиймлээр өсөж, тавдугаар сард шинээр орох мөнгөн урсгал саарчээ. Түүнчлэн тавдугаар сарын урт хугацааны баярын өдрүүдээр иргэд аялал жуулчлал, амралт зугаалга болон баяр ёслолын арга хэмжээнд их хэмжээний зардал гаргасан байна. Баярын өдрүүдэд бэлэн мөнгөний эрэлт өндөр хэвээр байсан бөгөөд эргэлтэд байгаа бэлэн мөнгөний хэмжээ тавдугаар сард 400 тэрбум рублиэр нэмэгдэж, зургадугаар сарын 1-ний байдлаар 20.48 их наяд рубльд хүрчээ.
Иргэдийн хадгаламж буурсан үзүүлэлттэй байгаагаас ялгаатай нь аж ахуйн нэгж, байгууллагуудын банкны данс дахь хөрөнгө тавдугаар сард 1.8 их наяд рублиэр буюу 2.9 хувиар өсөж, 63.4 их наяд рубльд хүрсэн байна. Уг өсөлтийг эрчим хүчний өндөр үнээс ашиг хүртэж буй экспортлогчид болон улсын төсвийн гүйцэтгэгч компаниудын орлого бүрдүүлжээ. Харин орон сууцны шинэ барилга ашиглалтад орох явц удааширсны улмаас эскроу дансны үлдэгдэл 7.27 их наяд рубль болж, ердөө 1.1 хувиар нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ ипотекийн зээлийн зах зээлд уналт ажиглагджээ.
Арилжааны банкуудаас тавдугаар сард олгосон ипотекийн зээлийн хэмжээ дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 9 хувиар буурч, 359 тэрбум рублиэс 328 тэрбум рубль болж багассан байна.
Цаашид, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн өсөлт болон ипотекийн зээлийн хумигдаж буй хандлага нь Оросын банкны салбарын ерөнхий төлөв байдал, зээлийн бодлогод тодорхой нөлөө үзүүлэхээр байна гэв.
Эх сурвалж:
• nsn.fm
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.