Хятадын брэндүүд дэлхийн зах зээлийг байлдан дагуулж эхэллээ
БНХАУ-ын үйлдвэрлэгчид брэнд бүтээгдэхүүн угсардаг "дэлхийн үйлдвэр" байхаа больж, өөрсдийн хэрэглэгчдэд чиглэсэн дэлхийн хэмжээний брэндүүдийг амжилттай хөгжүүлж эхэлсэн талаар CCN.com зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
Сүүлийн үеийн мэдээллээр, Shein, Pop Mart, Luckin Coffee зэрэг Хятадын компаниуд АНУ, Европ болон дэлхийн бусад улс орнуудын зах зээлд хүчтэй өрсөлдөж, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж эхлээд байгаа аж. Энэхүү шилжилтийг салбарын шинжээчид "Хятадын компаниуд хямд ажиллах хүч нийлүүлэгчээс дэлхийн соёлын чиг хандлагыг тодорхойлогч болон өөрчлөгдөж буйн тод жишээ" гэж үзэж байна.
Хонконгийн их сургуулийн Бизнесийн сургуулийн дэд декан, Азийн Глобал хүрээлэнгийн захирал, профессор Хэйвай Танг CNN сувагт өгсөн ярилцлагадаа Хятадын брэндүүд дэлхийн зах зээл рүү идэвхтэй тэлж буй гурван гол хөдөлгөгч хүчийг онцолсон байна. Тухайлбал, Shein болон Temu зэрэг цахим худалдааны аваргууд хямд үнэ, шууд хүргэлтийн системээрээ дэлхийн хэрэглэгчдийг татаж байгаа бөгөөд Shein компани Америкийн залуусын Everlane брэндийг худалдаж авахаар ажиллаж байна. Мөн Luckin Coffee сүлжээ нь гар утасны аппликейшнд суурилсан захиалга болон өвөрмөц амттай кофены цэсээрээ уламжлалт Starbucks брэндийн давамгайлж байсан Зүүн Өмнөд Ази болон Нью-Йорк зэрэг зах зээлд хүчтэй түрэн орж иржээ.

Энэхүү тэлэлтийн хамгийн тод жишээ бол тоглоом үйлдвэрлэгч Pop Mart компани юм. Тус компани дотоодын зах зээл дэх эрэлт саарч байгааг нөхөхийн тулд олон улсын зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлж байна. Дойче Банкны шинжээчдийн мэдээлснээр, Pop Mart-ын Хятад дахь цахим борлуулалт тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 5 хувиар, харин дөрөвдүгээр сараас 14 хувиар буурчээ. Энэхүү уналт нь хөрөнгө оруулагчдын дунд тус брэндийн алдартай "Labubu" мангасын дүрийн нэр хүнд буурч магадгүй гэсэн болгоомжлолыг үүсгээд байсан юм.
Хөрөнгө оруулагчдын энэхүү түгшүүрийн хариуд Pop Mart-ын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Си Де Bloomberg сувагт өгсөн ярилцлагадаа "Labubu"-оос өөр бүтээгдэхүүнүүд нь 2025 онд нийт орлогын 50 орчим хувийг бүрдүүлсэн гэдгийг анх удаа ил болгожээ. Түүний хэлснээр, "Twinkle Twinkle" зэрэг бусад дүрүүд нь маш хурдацтай өсөж байгаа бөгөөд Япон, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн орнуудад "Labubu"-оос өөр дүрүүд борлуулалтын дийлэнх хувийг эзэлж байгаа гэжээ.
Тус компанийн Хятадын зах зээлээс хамаарах хамаарал хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд 2024 онд нийт орлогын 61 хувийг Хятад улс бүрдүүлж байсан бол олон улсын зах зээлийн эзлэх хувь 2025 онд 52 хувь, 2030 он гэхэд 69 хувьд хүрч өсөх төлөвтэй байна.
Хятадын компаниуд Amazon, TikTok Shop зэрэг хил дамнасан цахим худалдааны платформ болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүдийг ашиглан дэлхийн хэрэглэгчдийг ч өөртөө татаж байна. Тэд зөвхөн хямд ажиллах хүч, эсвэл дэвшилтэт технологиор хангахаа хойш тавьж, дэлхийн хэмжээний соёлын үзэгдлийг өөрсдөө бүтээж эхэлжээ.
Цаашид, Хятадын брэндүүд олон улсын зах зээлд улам бүр байр сууриа бэхжүүлж, дэлхийн хэрэглэгчдийн худалдан авалтын хэв маягийг өөрчлөх төлөвтэй байна.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.