Ирэх саруудад мах, хүнсний ногооны үнэ буурах төлөвтэй байна
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилттой нийцэж байгааг банкны удирдлагууд онцоллоо.
Дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж байна. Мөн манай гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, цаашдын төлөв нь сайжирчээ. Гэвч Ойрх Дорнодын зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд жилийн инфляц тавдугаар сард 11.2 хувьд хүрсэн байна. Энэ оны эхний улиралд 7.1 хувьтай байсан инфляц сүүлийн хоёр сард 4.1 нэгж хувиар нэмэгдсэний 2.6 нэгж хувийг хүнс, 0.7 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт бүрдүүлжээ. Цаашид инфляц зургаа, долоодугаар сард 12 орчим хувьд хүрч эрчимжих хэдий ч наймдугаар сараас мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр алгуур буурч, ирэх онд зорилтот интервалд орж тогтворжих төсөөлөлтэй байна.
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 7.9 хувьтай гарсан бөгөөд бүтэн жилийн дүнгээр тав орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Эхний улирлын өсөлтийн таван нэгж хувийг уул уурхай, 1.1 нэгж хувийг тээврийн салбар бүрдүүлсэн бол худалдаа, боловсруулах зэрэг уул уурхайн бус салбаруудын идэвхжил сул хэвээр байна. Ирэх онуудад мега төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж, томоохон цахилгаан станцууд ашиглалтад орсноор уул уурхайн бус салбарууд алгуур сэргэх төлөвтэй байна.
Төлбөрийн тэнцэл энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 186 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд урсгал тэнцэл эхний дөрвөн сард 311 сая ам.долларын ашигтай байв. Экспортын орлого нэмэгдэж, хэрэглээний импортын өсөлт саарсны үр дүнд Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 7.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний нөлөөгөөр төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгаа бөгөөд он дуустал огцом савлагаа үүсэхгүй байх боломжтой гэж үзжээ.
Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 40 орчим тэрбум ам.доллар байгаагаас тал хувийг Оюу Толгойн өр, 18.9 тэрбум ам.долларыг Засгийн газрын өр эзэлж байна. Засгийн газар болон банкууд өрийн менежментийг амжилттай хийж, ойрын жилүүдэд төлөгдөх өр төлбөрийг зохицуулсан тул гадаад өр нь валютын нөөц болон ханшид огцом дарамт учруулахгүй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.