Номын баярын үеэр анх удаа хуулийн төсөл танилцуулжээ

Номын баярын үеэр анх удаа хуулийн төсөл танилцуулжээ

Хуулийн төслийн өвөрмөц танилцуулга анхаарал татлаа

Сүхбаатарын талбайд болж буй Үндэсний номын баярт та очвол нэгэн онцгой асар анхаарлыг тань татах болно. Энэ бол "Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" гэсэн нэртэй асар юм. 

Металл хийцлэл бүхий уушгины баримал, амьсгалж буй уушгийг илэрхийлсэн содон бүтээл номын хорхойтнуудад содон харагдах. Уран бүтээлч н.Одхүү "Түгшүүр" хэмээх энэхүү бүтээлээрээ дамжуулан тамхины хор уршийг хүүхэд залуус, иргэдэд таниулахыг зорьжээ. Учир нь ямар ч төрлийн тамхи татахад тархинд түгшүүр бий болж, ямар нэгэн зүйлд санаа зовниж, шийдвэр гаргах чадвар саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа, насанд хүрээгүй хүүхдүүдийн тархинд энэ нь илүү хүчтэй нөлөөлж, том болох тусмаа өөр олон төрлийн хорт зуршилд автах, донтох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Энэ асрын үүдэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг иргэд, сурагчидтай уулзаад зогсож байв. Тэрбээр Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг Сүхбаатарын талбайгаар зочилсон иргэдэд өөрийн биеэр танилцуулан тайлбарлаж байгаа нь энэ.

Манай улс Тамхины хяналтын тухай хуулийг 2012 онд шинэчилснээсээ хойш дахин бодлогын том өөрчлөлт хийлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Харин энэ хооронд дэлхий нийтэд олон төрлийн шинэ тамхи, тамхин бүтээгдэхүүн бий болсон. Үүнийг дагаад элдэв гоё амт, үнэр, сав боодолтой вэйп Монголын зах зээлд нь нэвтэрч, өнөөдөр насанд хүрээгүй хүүхдүүд, сурагчид, мөн эмэгтэйчүүдийн дунд энэ төрлийн тамхины хэрэглээ эрс ихсээд байгаа.

Тийм ч учраас ирээдүй үеэ бодож, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг санаачлан 77 гишүүний хамт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өргөн барьжээ. Улмаар хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр хүлээж байгаа аж. Гэвч хууль батлагдахыг хүлээлгүйгээр электрон тамхины хор уршгийг сурагчдад таниулах "Токсик тренд" аяныг түүний ажлын алба болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамтран зохиож байгуулснаа дүгнэж байгааг УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэллээ. Тэрбээр "Тамхины хорт зуршлаас татгалзах "Токсик тренд" аянд маань сурагчид маш идэвх, санаачилгатай оролцож, бие биедээ үлгэрлэж, электрон тамхинаас татгалзах контент хүртэл хийсэн. Хүүхдүүд уушгиа эрүүл байлгаж байж илүү том мөрөөдлөө биелүүлнэ" гэдгийг онцоллоо.

Ийнхүү анх удаа Үндэсний номын баярын үеэр УИХ-ын гишүүн хууль таниулах асар гаргаж, зөвхөн видео контент төдийгүй урлагийн бүтээлээр дамжуулан нийгмийн эрүүл мэндэд тустай мэдээллийг өгч байгаа нь содон байлаа. Тус асраар зочилсан сурагчид электрон тамхийг хор багатай гэсэн ойлголттой байсан бол тамхины талаар, ялангуяа электрон тамхины талаар цоо шинэ мэдээлэл авснаа хэлж байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.