Үндэстний цөөнхийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оны тавдугаар сарын 4-ний өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Кэмпийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас үндэстний цөөнхийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, тэдний өвөрмөц соёл, аж ахуйг хадгалан хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийг танилцуулсан байна.
Тухайлбал, тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор олгодог мөнгөн тэтгэмжийг 2026 онд нэмэгдүүлж, насанд хүрсэн иргэнд 526,200 төгрөг олгож эхэлсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцан төлж байгааг онцоллоо.
Мөн нийт хөдөлмөр эрхлэгчдийн 24 орчим хувийг бүрдүүлдэг малчдын хөдөлмөрийн онцлогийг харгалзан тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулсан зохицуулалтыг хэрэгжүүлж байгааг дурдав.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Дээд комиссар Кристоф Кэмп Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, тэр дундаа цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулж буй туршлагыг өндрөөр үнэлсэн байна.
Талууд цаашид үндэстний цөөнхийн нийгмийн хамгааллыг сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.