🔴Б.Бат-Эрдэнэ: Оффтейк гэрээ зөв зарчмаараа явбал буруу систем биш
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ нүүрсний оффтейк гэрээ, төрийн өмчит компаниудын удирдлага болон улс төрчдийн оролцооны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байх үедээ бүх оффтейк гэрээг зогсоож байсныг онцлоод, энэ төрлийн гэрээ нь зөв зарчмаараа явбал буруу систем биш боловч өнгөрсөн хугацаанд ард нь том хэмжээний хулгай явсан учраас өнөөдөр нийгэмд асуудал дагуулж байна гэв.
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ:
-Монгол Улс 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүгээр дамжуулан төмөр зам барих, эдийн засгаа чадавхжуулах хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. Мөн 2022 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа хагас коксын үйлдвэр байгуулах асуудлыг хөндөж, дэмжиж байсан. Тухайн үед уг ажлыг зогсоосон. Хэрвээ тэр үйлдвэр ашиглалтад орсон бол өнөөдөр БНХАУ-аас өндөр үнээр хагас кокс худалдан авах шаардлагагүй байсан.
2021 онд батлагдсан Даян дэлхийн метан хийн амлалт болон НҮБ-ын конвенцын дагуу 2030 оноос хойш чулуун нүүрс, байгалийн хий, газрын тосны хэрэглээ дэлхийн эдийн засагт хумигдах хандлагатай байгаа. Ердөө дөрөвхөн жилийн дараа нүүрсний экспорт багасах үед эдийн засгаа хэрхэн авч явах талаар Засгийн газар, УИХ, Эдийн засгийн хөгжлийн яам болон эдийн засагчид одооноос хариулттай, бэлэн байх ёстойг санууллаа.
Нийгэмд талцал үүсгээд буй оффтейк гэрээ, Туулын бургасны зам зэрэг асуудлууд дээр мэргэжлийн хүмүүс бус, зөвхөн улс төрчид дуугарч байгаа нь буруу. Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчны яам болон холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүд чимээгүй байж, байгаль орчин, эдийн засгийн ямар ч мэдлэггүй улс төрчид олон нийтэд мэдээлэл өгч байгаа нь асуудлыг хурцатгаж байна. Улс орны хөгжлийг гацааж буй гол хүчин зүйл нь мэргэжлийн байгууллагын ажилд улс төрчид хэт их оролцдог явдал.
Төрийн өмчит компаниудын удирдлагын тогтолцоог өөрчлөх шаардлагатай. ТӨХК-ийн удирдлагаар улс төрчдийн халаасны хүн, эсвэл сонгуулийн тойрог услах сүлжээ бүрдүүлдэг этгээдийг биш, олон улсын түвшинд ажиллах чадвартай, эдийн засгийн өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж байж Үндэсний баялгийн санг зөв удирдана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.