🔴Б.Баярбаатар: "Бодь"-ийн оффтейк гэрээг шалгаж олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нүүрсний хулгай болон оффтейк гэрээний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр энэхүү сонсголоор хэд хэдэн тодорхой асуудлыг ил тод болгох шаардлагатай гэж үзэж байна. Үүнд Ганцмод, Гашуунсухайт боомт болон Тавантолгойн төмөр замыг барих болсон үндсэн шалтгаан, гүйцэтгэгчээр яагаад заавал "Бодь" компанийг сонгон шалгаруулсан, нүүрсийг бодит хэдэн төгрөгөөр бодож өгөх эрх олгосон, цаашаа ямар үнээр гаргасан, мөн энэхүү гэрээг яагаад нууцлах болсон зэрэг таван үндсэн асуудлыг багтаажээ. Байгалийн баялаг ард түмний өмч учраас бүтээн байгуулалтыг эсэргүүцэхгүй ч бүх үйл явц хуулийн дагуу, шилэн, нээлттэй байх ёстой гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Одоогоор Үндэсний эвслийн дөрвөн гишүүн нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж гарын үсэг зураад байгаа. Миний хувьд түр хороо байгуулах албан бичигтэй танилцаагүй байгаа. Гэхдээ үзэл баримтлал, агуулга хүрээ нь дээрх таван асуудлыг ил тод болгоход чиглэж байвал дэмжинэ. Хуулийн хугацаагаар түр хороо зургаан сарын хугацаанд ажиллах бөгөөд энэ хугацаанд асуудлыг нэг тийш нь болгож, нийгэмд үүссэн эргэлзээг тайлах ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн төмөр замаас "Бодь интернэшнл" компанийн дансаар дамжин 110 сая ам.доллар улстөрчдөд тараагдсан гэх мэдээлэл гарсан. Үүнээс нэг сая ам.долларыг нь нэр бүхий УИХ-ын гишүүн авсан гэж зарласан. Үлдсэн 109 сая ам.долларыг хэн, хаашаа зөөж тараасан бэ гэдгийг нотлох ёстой. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хүн алаад шатаасан гэх ноцтой мэдээлэл хийсэн. Энэ сүр дуулиантай мэдэгдлүүдээ албан тушаалтнууд баримтаар нотлох үүрэгтэй. Худал мэдээлэл тараах, гүтгэхтэй холбоотой хуулийн заалт Үндсэн хуулийн цэц дээр түдгэлзсэн байгааг далимдуулан нийгэмд баталгаагүй мэдээлэл цацаж, ёс зүйн зөрчил гаргаж болохгүй.
Уул уурхайн салбар дахь авлигын асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамгийн том саад болж байгаа. Өмнө нь Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хороонд ажиллаж байсан. Энэ төслийн ТЭЗҮ 10 жил үргэлжилсэн, лиценз нь гаднын банкинд 4.4 тэрбум ам.долларын барьцаанд тавигдаж, үүнээс дөнгөж 500 мянган ам.доллар төлөгдөн 3.9 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байгаа зэрэг олон асуудлыг ил болгож байсан. Хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй хандах ёстой ч Монголын ард түмэн 2019 онд авах байсан ногдол ашгаа одоог хүртэл хүртэж чадаагүй, 2026 он хүртэл тодорхойгүй байгаа. Одоогоор Засгийн газраас гурван ажлын хэсэг байгуулагдан Рио Тинто компанитай хэлэлцээр хийж байгаа тул УИХ-ын зүгээс хүндэтгэлтэйгээр хүлээлтийн байдалтай байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.