🔴Г.Дамдинням: Монгол Улс өнөөдөр хамгийн хямд үнээр шатахуун импортолж байна

AI хөрвүүлсэн

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үр дүнд манай улс шатахуун, дизель түлшний үнийг он дуустал өсгөхгүй, тогтвортой барих боломжтой болсон талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээллээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Байгалийн нөөцийн сайд А.А.Козлов болон манай улсын зах зээлийн 70 хувийг дангаараа хангадаг "Роснефть" компанийн захирал И.И.Сечин, "Газпром нефть" компанийн удирдлагуудтай албан ёсны хэлэлцээр хийсэн байна. Уг хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс дизель түлш болон А-95, А-98 авто бензин, онгоцны түлшийг ОХУ-ын дотоодын зах зээлийн буюу Санкт-Петербургийн биржийн үнээр худалдан авахаар тохиролцжээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Энэ хэлэлцээрийг хийгээгүй байсан бол тавдугаар сард нэг тонн дизель түлшийг 1630 гаруй ам.доллароор худалдан авч, жижиглэнгийн үнэ литр тутамдаа 6400-6700 төгрөгт хүрэх эрсдэл үүссэн байсан. Шинэ тохиролцоогоор нэг тонныг 1200 ам.доллароор худалдан авч, дизель түлшний үнийг одоогийн түвшин буюу 4300 төгрөгт тогтвортой барих нөхцөл бүрдлээ. Ингэснээр литр тутамд үүсэх 2000 гаруй төгрөгийн үнийн өсөлтөөс сэргийлж чадсан. 

Өргөн хэрэглээний А-92 авто бензиний хувьд тонн тутмыг нь 705 ам.доллароор авах гэрээ хэвээр үйлчилж байгаа. Энэ нь дэлхийн зах зээлийн үнээс даруй хоёр дахин хямд үзүүлэлт. Олон улсын эрчим хүчний агентлагаас дэлхийн түүхэнд байгаагүй хямрал болж буйг зарласан энэ хүнд үед шатахууны үнийг тогтвортой барьснаар оны эцэс гэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруунаас 1.8 их наяд төгрөгийн эдийн засгийн ачааллыг хөнгөлж чадлаа.

Одоогийн байдлаар манай улсын шатахууны нөөц хангалттай байгаа. Нийлүүлэлт тасалдахгүй. Мөн ОХУ-ын зүгээс хямдралтай үнээр шатахуун нийлүүлэхдээ ямар нэгэн улс төрийн болон эдийн засгийн тусгай шаардлага тавиагүй. Хоёр орны олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нөхцөл байдлыг ойлгон дэмжсэн хэрэг. Дотооддоо газрын тос боловсруулдаггүй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс өнөөдөр хамгийн хямд үнээр шатахуун импортолж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.