Сайд асан С.Энхболд нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулжээ

Сайд асан С.Энхболд нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулжээ

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх зэрэг албан тушаалт томилогдсон С.Энхболд нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн мягмар гарагт хийхээр товлоод байв. Гэвч яллагдагч Б.Амарсанаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь хүсэлт гаргаснаар тавдугаар сарын 13-ныг хүртэл хойшлуулжээ.

С.Энхболдтой хамт түүний садангийн хүн болох Ө.Эсболд, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын дүү гэх, “Аймарсанаа продакшн”-ы захирал, ЭМЯ-ны төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Б.Амарсанаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан, мөн “Цахим эрүүл мэнд” төслийн ерөнхий захирлаар ажилласан Б.Буянтогтох, “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй бөгөөд тус банк уг төслийг зогсоож, улмаар Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн билээ.

Манай Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталснаар АТГ-ынхан нарийвчлан шалгаж, төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарч, хөрөнгийг нь үр дүнгүй зарцуулан улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоон эргүүлэн төлүүлсэн билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулж, хөгжүүлж, хэрэгжүүлэх зургаан сая ам.долларын гэрээт ажлын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгосон, гэрээний хэрэгжилт хангалтгүй байхад хууль бусаар нөлөөлж, үлдэгдэл төлбөр 1.1 сая ам.долларыг төсвөөс гаргуулан улсад их хэмжээний хохирол учруулахад дээрх хүмүүсийн үйлдэл оролцоо байсныг тогтоосон гэдэг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.