🔴Х.Нямбаатар: Ерөнхий сайдад хандан шийдвэрээ албажуулж, бичгээр өгөхийг хүссэн

AI хөрвүүлсэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн намын хорооны хуралдааны шийдвэр, Туул голын хурдны замын төсөл болон өөрийнх нь эсрэг чиглэсэн улс төрийн мэдээллүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Нийслэлийн намын хорооны хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны ирц 70 орчим хувьтай байлаа. Намын даргын суудалд өрсөлдөх хүн гараагүй байна. Зохион байгуулалтын хүрээнд Нийслэлийн намын хорооны тэргүүлэгч А.Учралыг чөлөөлж, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга А.Говьсайхныг томилсон. Мөн намын дэд даргаар ажиллаж байсан Галцогийг чөлөөлж, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Э.Баярмөнх, Нийслэлийн намын хорооны хэрэг эрхлэх газрын дарга Цэнд-Аюуш нарыг дэд даргаар нөхөн сонгосон. Намын татвараа найман улирал дараалан төлөөгүй 18 хүнийг чөлөөлж, шинээр гишүүдийг нөхөн томилсон.

-Би Ерөнхий сайдад хандан уг шийдвэрээ албажуулж, бичгээр өгөхийг хүссэн. Гүйцэтгэгч компанитай хийсэн гэрээний дагуу арбитрын маргаан үүсэхэд нийслэл хот санхүүгийн эрсдэлд орохгүй байх хууль эрх зүйн баталгаа шаардлагатай байгаа. Урьдчилгаа төлбөрийн асуудал нь олон улсын стандартын дагуу банкны баталгаа, давхар даатгалаар баталгаажсан тул гүйцэтгэгч тал ажлаа хийхгүй орхисон ч банк хариуцах нөхцөлтэй. Туулын хурдны замын төсөл зогсвол хойд талын тойрог замын төсөл ч ач холбогдолгүй болж, хотыг бүтэн тойрох цагираг зам үүсэх боломжгүй болно. Энэ төслийг хууль хяналтын байгууллагаар маш сайн, нарийвчлан шалгуулахыг бүрэн дэмжиж байгаа.

Миний болон гэр бүлийн маань эсрэг гарч байгаа мэдээллүүд улс төрийн зорилготой, төлбөртэй гүтгэлэг. Миний охин нохойн хатаасан мах буюу амттан хийж зардаг нь ямар нэгэн хууль бус үйлдэл биш. Эрүүл мэндийн хувьд хүнд байдалд, сэхээн амьдруулах тасагт байхад нь хүртэл улс төржүүлэн дайрч байгаад харамсаж байна. Миний амьдарч байгаа 10 жил болсон зуслангийн байшин дээгүүр дрон нисгэж, хувийн орон зайд халдаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүх орлогоо хуулийн дагуу тайлагнасан.

Өмнө нь Эрүүгийн хууль болон бусад асуудлаар гүтгүүлж байсан туршлагатай. Иймэрхүү зохион байгуулалттай харлуулах ажиллагаанаас эмээхгүй, ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Жагсаал цуглаан хийж буй зарим иргэдийн тухайд, өмнө нь ТҮЦ-ний асуудлаар 10 сая төгрөгийн нөхөн олговор авсан хэрнээ дахин мөнгө шаардаж ирдэг тохиолдол байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар тараах боломжгүй гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэнээ 15 минут
Удахгүй бүх зүйл тодорхой болж хязгааргүй их өр төлбөр үүсэхээс өмнө төлвлөсөн ажлаа хийх хэрэгтэй!!!