🔴Т.Даваадалай: Миний эхнэр улсаас 20 тэрбумын тендер аваагүй

AI хөрвүүлсэн

Нийслэлийн МАН-ын хорооны VIII хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ. Хуралдаанаар нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эхлүүлсэн 16 мянган төслийн үр дүнг дүгнэсэн байна. Өнгөрсөн онд агаарын бохирдлыг 30 хувиар бууруулсан бол ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын түгжрэл 11 хувиар багассан гэх статистикийг Нийслэлийн Засаг дарга танилцуулжээ. Түүнчлэн Туулын хурдны зам ашиглалтад орсноор түгжрэл 30-35 хувиар буурна гэсэн тооцооллыг гаргасан байна.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: 

Хуралдааны үеэр намын хорооны зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр томилох болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үг хэлсэн 15 гишүүн нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Намын даргын хувьд Ерөнхий сайдын үйл ажиллагааг нэгдмэл байр суурьтайгаар дэмжиж ажиллана.

Сүүлийн үед Туулын хурдны замтай холбогдуулан миний болон гэр бүл, ах дүү, "Бодь интернэйшнл" компанитай холбоотойгоор гарч буй мэдээллүүд ор үндэслэлгүй гүтгэлэг. Миний эхнэр улсаас 20 тэрбум төгрөгийн тендер авсан гэх мэдээлэл худлаа. Худал мэдээлэл тараасан хүмүүсийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэхээр хандсан. Улс төрийн зорилгоор гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрч, бохир аргаар улс төржихгүй байхыг уриалж байна. 

Туулын хурдны замыг эсэргүүцэж буй үйлдэл нь угтаа зам, усны асуудал биш. Х.Нямбаатар болон өөр над руу чиглэсэн улс төрийн дайралт гэж үзэж байгаа. Аж үйлдвэрийн салбараас улс төрд орж ирсэн хүний хувьд Улаанбаатар хотод сүүлийн 36 жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэж, бүтээн байгуулалт хийхийн төлөө Ерөнхий сайдын удирдлага дор нэг баг болон тууштай ажиллана гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.