🔴Э.Бат-Амгалан: Би хотын намын дарга болохгүй. Х.Нямбаатар бид хоёр муудалцаагүй
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өнөөдөр хуралдаж буй Нийслэлийн МАН-ын хорооны хурал болон цаг үеийн бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Нийслэлийн намын хорооны даргын албан тушаалд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Өнөөдрийн хурлаар намын даргын асуудал хэлэлцэхгүй бөгөөд харин Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн орон гарсан суудлыг нөхөх, 2024-2028 оны нийслэлийн мөрийн хөтөлбөрт орсон асуудлуудыг хэлэлцэх зэрэг хоёр үндсэн асуудал яригдаж байгааг онцоллоо. Тухайлбал, Монгол Улсын сайд Н.Учрал намын дарга болсонтой холбогдуулан түүний тэргүүлэгчийн орон тоонд дараагийн хүнийг нөхөн сонгох аж.
УИХ-ын гишүүн, ХБОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Туулын хурдны замын төсөлд анхнаасаа эсрэг байр суурьтай байсан. Олон мянган жил Монголчуудыг ундаалж ирсэн Туул голыг үр хойчдоо бүрэн бүтнээр нь үлдээх ёстой бөгөөд зам барихыг эсэргүүцээгүй. Гол дээгүүр зам тавих нь буруу гэж үзэж байгаа. Үүний оронд одоо байгаа төмөр замын трассыг ашиглах, эсвэл Богд уулын урдуур гаргах зэргээр өөр хувилбараар шийдвэрлэх боломжтой. Энэ замыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг улс төрийн зорилготой бус, иргэд сайн дураараа үзэл бодлоо илэрхийлсэн органик үйлдэл гэж харж байгаа.
Төсөл зогссонтой холбоотойгоор үүсэх урьдчилгаа төлбөр, алданги болон байгаль орчинд учруулсан хохирлын асуудлаар УИХ-ын зарим гишүүд Түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Ерөнхий сайд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоосны дараа төслийг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэж мэдэгдсэн тул санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд шалгалтын дараа нэг тийшээ шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай муудалцаж, зөрчилдсөн зүйл байхгүй. Тэд нийслэлийн хоёр том дүүргийн намын даргаар олон жил хамтарч ажилласан бөгөөд албан тушаал, эд хөрөнгө булаацалдсан асуудал байхгүй. Харин дүүтэй нь нэр холбогддог "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн асуудлаар иргэдийн төлөөлөлтэй Барилга, хот байгуулалтын яаманд уулзаж, шаардлагыг нь сонссон ч тус компанитай ямар нэгэн хууль эрх зүй, санхүүгийн холбоогүй тул дахин уулзах шаардлагагүй. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газраас түүнийг дуудаж шалгасан зүйл байхгүй.
Хаврын улс төр эхэлж, намыг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа явагдаж байж болзошгүй. Эрх баригч нам 2027, 2028 оны сонгууль дөхөж буй энэ үед дотооддоо эв нэгдэлтэй байж, нэг зүгт харж ажиллах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа. Хотын даргыг огцруулах эсэх асуудалд би өөрөө шийдвэр гаргах субъект биш. Нийслэлд хэрэгжиж буй зарим мега төслүүд хэт яаруу, алдаа дутагдалтай явж байгааг иргэд шүүмжилсний үр дүнд Засгийн газар арга хэмжээ авч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.