🔴Р.Дагва: Хотын дарга нь намын дарга байх шаардлагатай
НИТХ-ын дарга асан Р.Дагва нийслэлийн эдийн засаг, хотын хөгжил болон өнөөгийн удирдлагуудын хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Улаанбаатар хот Монгол Улсын ДНБ-ий 70 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын 50 хувь, аж ахуйн нэгжүүдийн 70-90 хувь нь төвлөрөн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн томоохон төв болохыг онцлоод, энэхүү эдийн засгийн нөөц боломжийг иргэдэд ээлтэйгээр тэлэх шаардлагатайг сануулав.
НИТХ-ын дарга асан Р.Дагва:
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлчүүд зөвхөн улсын төсөв шүтэж амьдарсан нь гунигтай түүх байсан. Хотын дарга Х.Нямбаатар ажил авснаас хойш нийслэлийн иргэдийн эрх ашгийг хангах чиглэлд 70 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн томоохон шинэчлэл хийсэн. 30-аад жил хөдлөөгүй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг амилуулж, нийслэлийн чиг үүргийг тодорхой болгосноор төсвөөс хараат бус санхүүгийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгох эхлэл тавигдсан гэж үзэж байна.
Хотын хөгжлийг дэмжих мега төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч хэрэгжиж буй төслүүдийг Засгийн газрын тэргүүн шууд зогсоож байгаа нь хөрөнгө оруулагчдад болон хотын тэлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Хэрвээ авлига, албан тушаалын асуудал байгаа бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй бөгөөд эдийн засгийн өгөөжтэй төслүүдийг гацаахгүйгээр үргэлжлүүлэх ёстой.
Өмнө нь өвлийн улиралд давс, бодисоо хүрзээр цацдаг байсан бол өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж, хот тохижилтын үйлчилгээний ажилтан болон автобусны жолооч нарын цалин 1000 ам.долларт хүрсэн нь бодит үр дүн. Газар олголтын замбараагүй байдал цөөрч, нийслэлийн өмчийн менежмент сайжран, хууль бусаар хувьд шилжсэн хөрөнгийг иргэдийн өмчид буцаан авчрах ажил эрчимтэй явагдаж байгаа.
Хотын дарга нийслэлийн намын хорооны даргын албан тушаалыг давхар хаших нь зөв эсэх асуудал нь хууль эрх зүйн болон улс төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг. Сонгуульд олонх болж, иргэдийн дэмжлэгийг авсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хотын дарга нь намын дарга байх шаардлагатай. Ингэснээр амласан мөрийн хөтөлбөр бодит ажил хэрэг болох нөхцөл бүрддэг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.