🔴Х.Нямбаатар: Л.Оюун-Эрдэнийн бэрийн цүнхний хоёрдугаар анги над дээр хийгдэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сүүлийн үед өөрийнх нь болон гэр бүлийнх нь эсрэг явагдаж буй зохион байгуулалттай дайралт, нийслэлд хэрэгжиж буй тендер, төслүүдийн талаар албан ёсны байр сууриа илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Нийслэлд зарлагдсан тендерүүд, тэр дундаа Сэлбэ сэргээн босголттой холбоотой тендерийн шалгаруулалт хуулийн дагуу явагдсан. Тендерийн тухай хуулийн гол зарчим болох хамгийн бага үнийн санал өгсөн компаниуд шалгарсан. Холбогдох бүх материалыг Авлигатай тэмцэх газарт (АТГ) шалгуулахаар бүрэн шилжүүлсэн. Нийслэлийн төлөөлөгчид өөрсдийн хамаарал бүхий компаниар тендер авсан гэх асуудлыг хуулийн байгууллага эцэслэн шалгасны дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Сүүлийн үед миний эсрэг улс төрийн зорилготой, зохион байгуулалттай гүтгэлэг явагдаж байна. Ялангуяа эрүүл мэндийн асуудалтай байгаа охин болон гэр бүлийнх нь гишүүдийг мөрдөж мөшгөх, амьдарч буй газрынх нь дээгүүр дрон нисгэх зэргээр хувийн орон зайд нь халдаж байна.
Улс төрийн өрсөлдөгчдөдөө хандан гэр бүл, үр хүүхдээр нь оролдохгүй байхыг сануулж, албан тушаалын төлөөх өрсөлдөөнийг нээлттэй хуралдаанаар, эсвэл хуулийн байгууллагаар шалгуулах замаар эрүүл аргаар явуулах хэрэгтэй.
Нийт 3.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 10 км гүүрэн зам, 22 км далан бүхий уг төслийг олон улсын FIDIC гэрээний стандартаар хийж байгаа. Ханшийн эрсдэлээс сэргийлж урьдчилгаа төлбөрийг олгож байгаа. Энэ ажлыг улс төрийн зорилгоор 50 гаруй хоног зогсоогоод байгаагаас болж гарах эдийн засгийн хохирол, алдангыг буруутай этгээдүүд хариуцах үе ирнэ. Төслийг эсэргүүцэж буй зарим иргэдийг байгаль хамгаалах нэрийн дор хувийн ашиг сонирхлоор хандаж байна.
Х.Нямбаатар өнгөрсөн өвөл хагас коксжсон нүүрс оруулж ирснээр нийслэлийн утааг 35 хувиар бодитой бууруулж чадсан. Ирэх жил уурын зуухнуудыг хийнд шилжүүлэх зэргээр энэ ажлыг үргэлжлүүлнэ. 2024 оны орон нутгийн сонгуулиар улаанбаатарчуудад өгсөн агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах, шинэ Улаанбаатарыг бүтээх амлалт, зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.