🔴С.Номинчимэг: Төрийн өмчит компаниудын төвлөрлийг задалж, хувийн хэвшилд зай гаргах нь зөв
УИХ-ын гишүүн С.Номинчимэг өнгөрсөн 30 жилийн хугацаанд явагдсан өмч хувьчлалын үр дүнд олон нийт сэтгэл дундуур байдгийг онцлоод, энэхүү алдааг дахин давтахгүйн тулд шинэчлэн найруулж буй хуульд нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатайг мэдэгдлээ. Тэрээр төрийн өмчит компаниудын төвлөрлийг задалж, хувийн хэвшилд зай гаргах нь зөв боловч үүнийг ямар зарчмаар, хэрхэн хийх вэ гэдгийг хуулиар тодорхой болгох ёстойг сануулсан юм.
УИХ-ын гишүүн С.Номинчимэг:
-Өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд иргэдэд үйлчлэх зориулалттай нийтийн үйлчилгээний объектуудыг менежментийн хувьчлал болон түрээслэгчийн давуу эрх нэрийн дор үнэгүйдүүлж хувьчилсан гашуун туршлага бий. Үүний бодит жишээ нь Ард кино театр, маш хямд үнээр хувьчлагдаж, өдгөө төр 30 тэрбум төгрөгөөр дахин шинээр барихад хүрээд буй Хүүхдийн театр. Мөн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах нь нүдний гэм болсон хот орчмын хүүхдийн зуслангууд.
Төрийн өмчийг түрээслүүлэх нэрээр шамшигдуулдаг асуудалд би шүүмжлэлтэй ханддаг. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн байранд "Өргөө" кино театр зах зээлийн үнэлгээнээс зургаа дахин бага буюу сарын 7000 төгрөгөөр 10 гаруй жил түрээсэлсэн байна. Бусад аж ахуйн нэгжүүд 42 мянган төгрөгөөр түрээсэлж байхад ашиг олдог хувийн компанид ийм давуу байдал олгосон нь төрийн өмчийг үнэгүйдүүлж, шинээр бойжиж буй компаниуд болон хүүхэд залуучуудын боломжийг хулгайлсан үйлдэл.
Тиймээс эдгээр хууль бус, шударга бус үйлдлийг таслан зогсоохын тулд өмч хувьчлалын зарчим, хөрөнгийн үнэлгээ, төрийн өмчийн түрээсийн харилцааг хэнд, хэрхэн яаж олгох зэрэг нарийвчилсан асуудлуудыг өнөөдрийн хуулийн төслийн хэлэлцүүлгээр нухацтай авч үзэж, шийдвэрлэх шаардлагатай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.