Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй

Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй

Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын талаар өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж, их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна.

Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер гурван удаа зарлагдаж хамгийн их санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно. Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтийг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно.

Ардчилсан нам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж ард иргэдээ боддоггүй хийрхсэн улс төр хийж байна. Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй муйхар шаардлага. АН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Туулын зам гэж дурдсан атлаа увайгүй улс төр хийж байна. Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудын ажиллуулж байна.

Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох явдлууд юм.  Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж байна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч байна аа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодооч ээ бүлэглэлүүд, МАНАН-уудаа.  Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ж.Чадраабал 32 минут
Амжилттай хүсье.