ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат авга дүүгээ Харвардын сургуульд явуулжээ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат авга дүүгээ Харвардын сургуульд явуулжээ

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хяналт, шалгалтынхаа дүнд илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар байгууллагуудын удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлдэг. Энэ шалгалтынхаа хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Д.Очирбатад хариуцлага тооцуулах албан бичиг өгсөн аж.

УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Д.Очирбат ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр ч удаа томилогдсон нэгэн. Иргэд, байгууллагаас гаргасан нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдлыг АТГ-ын дээрх хэлтсийнхэн шалгаад түүний хууль бус давуу байдал олгосон үйлдлийг тогтоосон аж.

Тэрээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Харвардын их сургуулийн сургалтад хамрагдах эрүүл мэндийн салбарын 20 хүнийг сонгон шалгаруулах комиссыг ахалж ажилласан гэнэ. Энэ үедээ ажилтнууддаа хууль бус үүрэг чиглэл өгч, шаардлага хангаагүй байхад нь авга дүү О.Гантулгыг хамруулсан юм байна.

Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлд “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” хэмээн заасан. Д.Очирбат хуулийн эл заалтуудыг зөрчсөн нь тодорхой болсон учраас АТГ-ын албан бичгийг үндэслэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн энэ сарын 13-17-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 134 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25-ыг нь хянан шийдвэрлэсний дотор Д.Очирбаттай холбоотой үйлдэл багтсан аж. Түүнтэй холбоотой албан тушаалаа урвуулсан эрүүгийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлж байсан ч прокурорт буцааснаас хойш дарагдан мартагдсан нь хардлага төрүүлдэг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.