BTS хамтлагийн агентлагийн тэргүүнийг баривчлах зөвшөөрөл хүсжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагаас алдарт BTS хамтлагийн агентлаг болох HYBE корпорацийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Бан Ши Хёгийг хөрөнгө оруулагчдыг залилсан хэргээр баривчлах зөвшөөрөл хүсчээ.
Сөүл хотын цагдаагийн газраас түүнийг тус компанийн хувьцааг олон нийтэд санал болгох (IPO) үйл явцтай холбоотой хууль бус ажиллагаанд буруутгаж байгаа бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр прокурорт албан ёсоор хандсан байна.
Хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй албаныхны мэдээлснээр, Бан Ши Хёк нь 2019 онд анхны хөрөнгө оруулагчдад компаниа нээлттэй хувьцаат компани болгох төлөвлөгөөгүй хэмээн худал мэдээлэл өгч, хувьцаагаа хувийн хөрөнгө оруулалтын санд зарахыг ятгасан гэж сэжиглэж байна.
Үүний зэрэгцээ тэрээр тус сантай нууц гэрээ байгуулж, IPO хийсний дараах хувьцааны борлуулалтын ашгийн 30 хувийг авахаар тохиролцсон аж. Энэхүү хууль бус үйлдлийнхээ үр дүнд тэрээр 190-200 тэрбум вон буюу ойролцоогоор 129-136 сая ам.долларын ашиг олсон байж болзошгүй байна. Өмнөд Солонгосын Хөрөнгийн зах зээлийн тухай хуулиар санхүүгийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл тарааж, 5 тэрбум воноос дээш хууль бус ашиг олсон тохиолдолд доод тал нь таван жилээс бүх насаар нь хорих ял оноодог хатуу хуультай.
Сөүл хотын цагдаагийн газрын дарга Пак Жун Бо хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ 2024 оны сүүлээр ирсэн мэдээллийн дагуу эхэлж, 2025 онд HYBE-ийн төв байранд нэгжлэг хийснээр үргэлжилсэн урт хугацааны мөрдөн байцаалтын ажиллагаа үндсэндээ дуусч байгааг онцолжээ. Хэрэг шалгагдах явцад буюу 2025 оны наймдугаар сараас эхлэн Бан Ши Хёгийг хилээр гарахыг хориглосон байна. Харин тэрээр өөрт тулгасан бүх хэргийг эрс үгүйсгэж, хувьцаа гаргах үйл явц холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан гэж мэдэгдсэн юм. Түүний хуулийн багийнхан мөрдөн байцаалтын явцад бүрэн хамтран ажилласан хэдий ч баривчлах зөвшөөрөл хүссэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, нэр төрөө цэвэрлэхийн тулд хуулийн хүрээнд үргэлжлүүлэн тэмцэхээ мэдэгджээ.
Энэхүү үйл явдал нь HYBE корпорацийн хувьд олон нийттэй харилцах болон удирдлагын түвшинд томоохон хямрал дагуулж байна.
Ялангуяа дэлхийд алдартай BTS хамтлагийн долоон гишүүн цэргийн албаа хааж дуусаад, бараг дөрвөн жилийн дараа дахин нэгдэж байгаа эгзэгтэй цаг үед уг хэрэг мандсан нь анхаарал татаж байна. Тус хамтлаг саяхан Сөүл хотноо олон улсын шүтэн бишрэгчиддээ зориулан үнэ төлбөргүй тоглолт хийсэн бөгөөд АНУ-ын Флорида мужийн Тампа хотоос эхлэх дэлхийн аялан тоглолтоо дөнгөж эхлүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.