"Сэлбэ хот"- Улаанбаатарын шинэ өнгө төрх, амьдралын шинэ стандарт

"Сэлбэ хот"- Улаанбаатарын шинэ өнгө төрх, амьдралын шинэ стандарт

Улаанбаатар хот – Нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллыг орон сууцжуулах томоохон бүтээн байгуулалт болох "Сэлбэ хот" төслийн ажил үргэлжилсээр байна. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га талбайг хамран хэрэгжиж байгаа бөгөөд "20 минутын хот" үзэл баримтлалыг бодитоор нэвтрүүлж буй анхны томоохон жишээ юм. 

Бүтээн байгуулалтын явц ба тоон үзүүлэлтүүд

Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 23.34 хувьтай байна. Орон сууцны бүсэд 113 блок бүхий 8,575 айлын орон сууц баригдаж байгаагаас 82 блокын барилга угсралтын ажил эхлээд байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт суурь цутгалт болон зоорийн давхрын угсралт амжилттай өрнөж байгаа юм.  
Төслийн талбайд дунджаар 1723 гаруй инженер техникийн ажилтан, 129 машин механизм идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.  

Хүн төвтэй төлөвлөлт: Нийгмийн дэд бүтэц

"Сэлбэ хот" төсөл нь зөвхөн орон сууц биш, иргэдийн амьдрах тав тухтай орчныг иж бүрнээр шийдэхийг зорьж байна.

 Төслийн хүрээнд:

  • Боловсрол: Нийт 3,780 хүүхдийн хүчин чадалтай 3 шинэ сургууль, 1,200 хүүхдийн 5 шинэ цэцэрлэг.  
  • Эрүүл мэнд, үйлчилгээ: Өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн хэсэг, соёлын болон спортын цогцолборууд.  
  • Дэд бүтэц: 12.3 км шинэ авто зам, 1,500 автомашины багтаамжтай дамжин суултын зангилаа.                                                                                           
  •  Ногоон байгууламж: 58.11 га талбай бүхий ногоон байгууламж байгуулснаар агаарын бохирдлыг 7.7%, хөрсний бохирдлыг 6%-иар бууруулна.  

Газар чөлөөлөлт ба иргэдийн дэмжлэг

Төслийн нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар чөлөөлөлтийн нийт гүйцэтгэл 94.7 хувьд хүрсэн нь иргэдийн дунд хүлээлт, дэмжлэг өндөр байгааг илтгэж байна.  

"Сэлбэ хот" төсөл нь Улаанбаатар хотын нэг төвт байдлыг халж, олон төвт хот болгон хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд стратегийн чухал ач холбогдолтой мега төсөл юм.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.