“Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болно

“Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болно

Улаанбаатар хотын усны хэрэглээг нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан тооцож үзэхэд өнөөдрийн хэрэглээнээс 1.5-2 дахин өсөж, 2040 онд 300-350 мян.м3/хоног болж, газрын доорх усны нөөцөөр ундны усыг хангахад томоохон хүндрэл үүсэхээр байгааг мэргэжилтнүүд онцолсоор байна. Мөн Улаанбаатар хотын хүн амыг баталгаат ус хангамжийн эх үүсвэрээр хангах, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, Туул голын экологийн доройтол зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр Туул голын урсацыг тохируулан ашиглах, нэмэлт эх үүсвэрийг илрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх “Туул усан цогцолбор” төслийг Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, 2026-2033 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын Kalpataru Projects International Limited компани боловсруулж буй бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн төслийн инженер-геологийн судалгаа, топографийн судалгаа, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд хийгдсэн байна. Тус төслийн техникийн үзүүлэлтийн хувьд, Ус хурах талбай 5’569 км2, хуримтлагдах усны хэмжээ 50-100 сая м3, далангийн урт 685м, өндөр – 35.8м, хурдсын гүн 19.84 м байхаар төлөвлөгджээ.

Төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангаж, үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэнэ. Мөн шинэ гадаргын усны эх үүсвэр бий болж, ус тасалдах эрсдэл бууран, хотын хөгжил, шинэ дэд бүтцийг дэмжинэ. 

Дагуул хотууд, үйлдвэрүүдийг усаар хангах, шинэ орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний бүс хөгжих боломж нэмэгдэх, үүнийг дагаад эдийн засгийн өсөлт, ажлын байр өсөхөөс гадна хотын дээд талд томоохон усан толио, нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж утаа, тоосжилтыг эрс багасгаж хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг томоохон стратегийн ач холбогдолтой төсөл болохыг мэргэжилтнүүд тодотгож байна. 

Мөн энэхүү төслийн нэг онцлог нь, “Туулын хурдны зам” төслийн нэг хэсэг юм. Сүүлийн жилүүдэд голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт нэмэгдэж, урсгалын коридор хумигдан, хамгаалалтын байгууламжууд хэсэгчлэн баригдсанаар системийн доройтол тасралтгүй явагдаж байна. Ийм нөхцөлд “Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болж, 50 сая м³ хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсацыг сааруулж, доод урсгалд ирэх ачааллыг бууруулах юм. Түүнчлэн ус багатай улиралд хуримтлагдсан нөөцөөс урсацыг нөхөн нийлүүлж, голын урсгалын горимыг тогтворжуулна. Түүнчлэн Улаанбаатар хотын ундны усны хоёрдогч эх үүсвэрийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой.

“Туулын хурдны зам” төсөл нь доод урсгалын зохицуулалтын шийдэл бөгөөд зөвхөн авто зам бус, Туул голын дагуух үерийн хамгаалалтын даланг иж бүрнээр сэргээж, урсацын коридорыг тодорхой болгох, мөн голын татам дахь хяналтгүй хот тэлэлтийг физик байдлаар хязгаарлах бодит хэрэгсэл болж байна. Ийнхүү дээрх хоёр төсөл нь харилцан уялдаатайгаар хэрэгжсэнээр нэг талаас усны хэмжээ, урсгалын горимыг зохицуулах, нөгөө талаас голын орчны ашиглалт, хотын тэлэлтийг удирдах нөхцөлийг бүрдүүлж, Хот ба голын зөрчлийг системийн түвшинд шийдвэрлэх боломжийг бий болгоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.