ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шүүхэд дахиад шилжүүллээ
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2025 оны зургаадугаар сард хэлэлцэн анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болсон.
Анхан шатны шүүхийнхэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагаад байсан юм. Энэ удаа Д.Нямхүү, Д.Бархүү нарт өмнөхийн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл заалт болох “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байв.
Д.Нямхүүг хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан. Тус аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон байдаг. БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” гэдэг компани Монголд оруулж ирсэн уг тоног төхөөрөмжийг 2020 онд ДУБ гэх аж ахуйн нэгжтэй 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан бусдад давуу байдал олгосон хэмээн Д.Нямхүүг буруутгасан юм.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны хоёрдугаар сарын 26-нд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн ч Дээд шүүх уг тогтоол, магадлалыг хүчингүй болгосон билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.