Энэтхэгийн сонгуульд нэр дэвшигчид юуны учир загас барьж зургаа авахуулах болов
Энэтхэгийн Баруун Бенгал мужийн 2026 оны сонгуулийн кампанит ажлын улс төрийн гол бэлгэдэл нь загас болж хувирчээ.
Тринамул конгресс болон Бхаратия Жаната намын улс төрчид соёлын хамаарлаа илэрхийлэх, сөрөг хүчнийхээ эсрэг зогсох зорилгоор загас барьж сонгуулийн сурталчилгаандаа идэвхтэй ашиглаж байгаа юм байна.
Хүн амынх нь 80 орчим хувь нь загас хэрэглэдэг тус мужид "Загас, цагаан будаа иддэг Бенгалчууд" гэх хэллэг сонгуулийн албан бус уриа болоод байна. Мужийн Ерөнхий сайд тэргүүтэй эрх баригч нам энэ удаагийн сонгуулийг Бенгал соёлыг хамгаалах тэмцэл хэмээн тодорхойлжээ. Тэд сөрөг хүчин болох Бхаратия Жаната намыг "гадаадынхны нам" хэмээн нэрлээд, хэрэв ялалт байгуулбал Бихар, Ассам зэрэг мужуудын адилаар загас, мах, өндөгний хэрэглээг хориглоно хэмээн буруутгаж байгаа юм.

Харин Бхаратия Жаната намын нэр дэвшигчид "цагаан хоолтны нам" гэх ойлголтыг няцаахын тулд жагсаал цуглаан болон айл өрхүүдээр явахдаа том хэмжээтэй загас барьж сурталчилгаа хийх болжээ. Тухайлбал, нэг нэр дэвшигч нь 5кг жинтэй аварга загас барьж олны анхаарлыг татсан бол, бас нэг нэр дэвшигч нь "Өдөр шөнөгүй загас идэж, манай намд саналаа өг" гэсэн уриатайгаар сонгогчидтой уулзжээ. Мөн өөр нэг нэр дэвшигч нь нэр дэвших үнэмлэхээ авахдаа дэмжигчдийнхээ хамт сагс дүүрэн загастай жагсаал зохион байгуулсан байна.
Загас нь улс төрийн өнгө аясаас гадна эдийн засаг, дэд бүтцийн асуудлыг хурцаар хөндөгдөж байгаа аж.

Сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг орон нутгийн загасны үйлдвэрлэлийг унагаж, Уганда, Мавритани зэрэг улсаас сая саяар хэмжигдэх хөлдөөсөн загас импортлоход хүргэсэн гэж шүүмжлэв. Үүний эсрэг загасны аж ахуйн салбарт чиглэсэн 6000 крор рупигийн төслийг танилцуулжээ.
Баруун Бенгал мужийн сонгуулийн эхний шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 23-нд, шийдвэрлэх сонгуулийн эцсийн дүн тавдугаар сарын 4-ний өдөр гарах юм байна.
Эх сурвалж:
• ndtv.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.