🔴Д.Цогтбаатар: Эрэгтэй эмэгтэй нь хамаагүй ажлаа л сайн хийх хэрэгтэй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар саяхан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбоотой үүссэн маргааны талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр эмэгтэй хүн, тэр тусмаа эмэгтэй гишүүн гэдгээр нь дайрсан гэх мэдээллийг үгүйсгэв.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар: 

-Би эмэгтэйчүүдийг гадуурхах, тэр ч бүү хэл эмэгтэй гишүүдийг дорд үзэх хандлага гаргаагүй. Сонгуулийн хууль дахь эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас 40 хувь болгож нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хамт хамгийн хатуу зогсож байсан. "Миний тойргийг авбал аваарай" гэж хэлж байсан. Хүн ажлаа сайн хийх хэрэгтэй. Тэрэнд эрэгтэй, эмэгтэй нь хамаагүй. 

Гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр таван жил суух хугацаандаа би Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сая хоёр дахь удаагаа л асуулт асууж байна. Байнга дайрч, шүүмжилдэг гэх мэдээлэл ор үндэслэлгүй. Харин ч яамны оруулж ирсэн саналуудыг дэмжиж, унах эрсдэлтэй үед нь бусад гишүүдэд тайлбарлан хамгаалж байдаг.

Юу болсон бэ гэхээр, сайдын гарын үсэгтэй, "Тайлан" нэртэй баримт бичиг нь дүн шинжилгээ, анализ гэхээсээ илүүтэй айлчлалын тойм, ёслолын тэмдэглэл хоёрын дундуур юм байсан тул мэргэжлийн хүний хувьд бодлогын баримт бичгийн агуулга, хэлбэрийг сайжруулах үүднээс асуулт тавьсан. Мөн бодлогын баримт бичигт гарын үсэг зурж оруулж ирсэн сайд өөрөө хариуцлага хүлээх ёстойгоос биш, яамны ажилтнуудаар хариулуулах нь буруу гэж үзсэн.

Гадаад харилцааны сайдын зүгээс УИХ-ын гишүүдийн асуултад хэт бухимдалтай хандаж, баримтгүй худал мэдээлэл өгч байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуултад хариулахдаа хүртэл ташаа мэдээлэл өгч, тэр даруйдаа баригдсан. Би хүн рүү дайраагүй, харин ч асуудлыг эвтэйхэн шийдэх үүднээс энгийн асуулт тавихад өөдөөс нь дайрсан хандлага гаргасан гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 23 минут
Батцэцэг Мэргэжлийнхээ боол нь болоод