🔴З.Мэндсайхан: Төсвийг тодотгохгүйгээр эрчим хүчний салбар дотоод нөөцөө ашиглах шаардлагатай
Сангийн сайд З.Мэндсайхан цалин нэмэх зорилгоор улсын төсөвт тодотгол хийх боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Тэрээр батлагдсан төсвийн хүрээнд салбарын яамд дотоод зохицуулалт хийж, асуудлаа шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарын цалингийн асуудлыг салбарын сайдынх нь багцад багтаан шийдвэрлэсэн бол одоо боловсролын салбарын асуудлыг Сангийн яам болон Боловсролын яам хамтран судалж байна. Төсөвт тодотгол хийх хуулийн таван үндсэн нөхцөл бүрдээгүй тул зардал нэмэх хууль эрх зүйн боломжгүй гэдгийг тэрээр онцлов.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Ирэх оны төсвийн төлөвлөлтийн тухайд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сарын 31-ний дотор УИХ-д өргөн барьж батлуулах хуулийн хугацаатай. Үүнд төсвийн нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого, гадаад зээлийн дээд хэмжээ зэрэг макро үзүүлэлтүүд тусгагдах бөгөөд үүн дээр үндэслэн зургаа, долоодугаар сард төсвийн ерөнхийлөн захирагч нараас санал авч нэгтгэн, намар ирэх оны төсвийг өргөн барина.
Эрчим хүчний салбарын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь үнэ тарифын тогтолцоо болоод байгаа. Үнэ тарифыг өмнө нь тодорхой хувиар нэмэгдүүлсэн ч бодит өртөгтөө хүрэхгүй, алдагдалтай ажиллаж байгаагаас шалтгаалан хөрөнгө оруулалт хийгдэхгүй, эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэл үүссэн. Гэхдээ өмнөх сайдын үед дөрвөн их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татаж, Бөөрөлжүүт, Баян, Сэлэнгийн цахилгаан станц зэрэг шинэ эх үүсвэрүүдийг бий болгох ажлууд эхэлсэн. Төлөвлөлтөөр 2027 он гэхэд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой.
Эрчим хүчний салбарын ажилчдын цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж буй жагсаалын хувьд сайд нь асуудлыг судалж, шийдэл гаргах ёстой. Эрчим хүч нь аж ахуйн тооцоот, бизнесийн салбар учраас дотоод нөөц бололцоогоо ашиглах шаардлагатай бөгөөд одоогийн батлагдсан төсөвт нэмэлт эх үүсвэр байхгүй. Шинэ Засгийн газар өмнө нь батлагдсан төсвийг хэрэгжүүлж байгаа тул салбарын сайд нар өөрсдийн багцын хүрээнд зохицуулалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.