🔴Б.Батбаатар: Р.Батболд гэдэг хүн ИЗНН-ын дарга байх ямар ч боломжгүй
УИХ-ын гишүүн, Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар намын дотоод асуудал болон хууль эрх зүйн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр Улсын Дээд шүүхийн бүртгэл болон намын дүрмийг үндэслэн ИЗНН-ыг төлөөлөх эрх бүхий хууль ёсны этгээд нь зөвхөн өөрөө буюу Батын Батбаатар гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Цахим бүртгэл болон QR кодоор баталгаажсан мэдээллээр намын дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг тэрбээр онцоллоо.
УИХ-ын гишүүн, Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар:
-Намын дүрэм болон Улс төрийн намын тухай хуульд "Онц их хурал" гэдэг зүйл заалт огт байхгүй. Төлөөллийн байгууллага хуралдах, квот тогтоох зэрэг нь зөвхөн дүрмийн хүрээнд зохицуулагддаг. Хэрэв дурын хэсэг бүлэг хүмүүс нийлж онц их хурал нэрээр намын удирдлагыг сольдог жишиг тогтвол парламентад суудалтай намууд, цаашлаад УИХ, Засгийн газрын түвшинд ч тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Р.Батболд гэдэг хүн ИЗНН-ын дарга байх ямар ч боломжгүй.
Р.Батболдыг намаас хөөх эсэх асуудал нь намын даргын хувьд хэн нэгнийг намаас хөөх эрх хэмжээ байхгүй. Энэ нь Хяналтын байгууллага буюу Дүрмийн хорооны бүрэн эрхийн асуудал. Одоогоор маш олон гишүүнээс Дүрмийн хороонд гомдол ирсэн. Хороо хуралдаж шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг намын гишүүнчлэлгүй болно гэж ойлгох хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулийн 3.1.1-д зааснаар сарын 2500 төгрөгийн татвараа төлөөгүй тул Р.Батболд нь аль хэдийн намын гишүүнчлэлийн эрхгүй этгээд болсон.
Нам доторх хагарлын үндсэн шалтгаан нь албан тушаал, эрх мэдлийн төлөөх шантааж байсан. Р.Батболд нь сайдын албан тушаал болон илүү эрх мэдэл шаардаж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд ардаа МАН-ын дэмжлэгтэй мэтээр ярьж явдаг. Р.Батболд улс төр болон бизнесийн замналд ийм хэмжээний зүйл хийх чадамж байхгүй. УИХ-д сонгогдсон дөрвөн жилийн хугацаагаа зөвхөн хувийн шуналаа гүйцэлдүүлэхэд ашиглаж, Төсөв болон Эдийн засгийн байнгын хороогоор улсын төсөв хэлэлцэх үеэр байнга наймаалцахыг оролдож, шантааж хийж ажилладаг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.