🔴Б.Ган-Очир: Татвар гурав дахин нэмэгдсэн ч тог цахилгаангүй өвөлжиж байна
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус намаас цаашид хэвлэлийн хурлыг тогтмолжуулж, мэдээлэл өгөх баг бүрэлдэхүүнээ ээлжлэн солих замаар сөрөг хүчний байр сууриа олон нийтэд тасралтгүй хүргэж ажиллахаа мэдэгдэв. Энэ үеэр НИТХ-д суугаа МАН-ын гишүүдийг сард ердөө нэг удаа цугларч, идэж уух асуудлаа ярьдаг сайн дурын клуб шиг болж, ард түмний төлөөлөл байх үндсэн үүргээ бүрэн умартсан хэмээн хатуу шүүмжиллээ.
Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир:
-Нийслэлийн Ардчилсан намын удирдлагууд саяхан Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаа хийж, бүтэн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, сөрөг хүчний хяналт, олон нийттэй харилцах стратегиа тодорхойлсон. Улаанбаатар хотыг "Дэлхийн хот" болгох мөрийн хөтөлбөрийнхөө талаар танилцуулахдаа, дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө оршдог бол Улаанбаатар дарга нарын төлөөх, авлигын хот болж хувирсан. Хотын эдийн засгийг уул уурхай, авлигад шүтсэн байдлаас гаргаж, эрүүл мэнд, боловсролын салбарт түшиглэсэн дэлхийд өрсөлдөхүйц брэнд хот болгох шаардлагатай. Татвар гурав дахин нэмэгдсэн ч түгжрэл буураагүй, цахилгааны үнэ өссөн ч тог цахилгаангүй өвөлжиж байна. Дарга нарын авлигаас үүдэлтэйгээр өргөн хэрэглээний бараа, махны үнэ хэт өсөж байна.
Нийслэлийн АН-ын дэд дарга А.Ядамсүрэн:
-Нийслэлийн АН "Сайн, нээлттэй, цэгцтэй" байх зорилт тавьж, үйл ажиллагааны стандарт баримт бичгүүдтэй болж байгаа. Ингэснээр хүн солигдсон ч бодлого, тогтолцоо нь хэвээр хадгалагддаг систем бүрдэнэ. Нийслэлийн тулгамдсан асуудлуудад тулгуурласан уян хатан, цаг үеэ мэдэрсэн бодлогын зөвлөлүүдийг байгуулан ажиллаж эхэлсэн.
АН-ын даргын зөвлөх Ц.Түмэнбаяр:
-Туулын хурдны замын төсөл нь эдийн засаг, экологи, нийгмийн үр ашгийн хувьд ноцтой эрсдэлтэй гэж үзэж байгаа. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан 2.3 их наяд төгрөгөөр төлөвлөгдсөн төсөвт өртөг аль хэдийн 300 тэрбумаар нэмэгдэж, цаашид 4-5 их наяд хүрэх эрсдэлтэй. Мөн 500 тэрбум төгрөгийн урьдчилгааг баталгаа муутай даатгалын компаниар дамжуулан олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулсан үйлдэл. Туул голын сав газарт 2500 багана зоох нь үерийн эрсдэлийг эрс нэмэгдүүлж, нийслэлийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд аюул учруулахын зэрэгцээ замын түгжрэлийг бодитоор бууруулах тооцоолол хангалтгүй байна.
Налайх дүүргийн АН-ын дарга Н.Гансүх:
-Сэлбэ голын тохижилт зэрэг үр дүнгүй, өндөр өртөгтэй төслүүд их байна. Хотын дарга хэвлэл мэдээлэл болон иргэдтэй зүй бусаар харьцаж байгааг буруутгаж байна. Мөн алслагдсан гурван дүүргийн хөгжил орхигдож, ажлын байр, дэд бүтэцгүй байгааг шүүмжилж, цаашид эдгээр дүүргийг Улаанбаатар хотын хөгжилтэй уялдуулах бодлого барьж ажиллана. Нийслэлийн АН 2028 оны сонгуульд ялалт байгуулах бүрэн итгэлтэй байгаа гэв.
Хурлын төгсгөлд нийслэлийн АН-аас хотын дарга Х.Нямбаатарт хандан хатуу сануулга өглөө. Германы судлаачдын гаргасан дүгнэлтээр 2040 он гэхэд Улаанбаатар хот гүний усны нөөцгүй болох аюул нүүрлээд байгааг сануулж, ямар нэгэн бүтээн байгуулалт, хурдны зам ярихаас өмнө экологийн нарийвчилсан судалгааг нэгдүгээрт тавьж ажиллахыг шаардлаа. Мөн Туул голыг хамгаалахаар тэмцэж буй иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийг АН-ын Хүний эрхийн хороогоор дамжуулан өмгөөлж, дэмжиж ажиллахаа албан ёсоор мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.