🔴Л.Энх-Амгалан: Төсвийг тодотгох, эсвэл Засгийн газар бонд авах шаардлагатай

AI хөрвүүлсэн

Боловсролын салбарт багш, ажилтнуудын цалингийн сантай холбоотой 1.1 их наяд төгрөгийн зөрүү үүсэж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс үүдэн хүндрэлүүд гарч эхэлжээ. Энэхүү асуудлыг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-Өмнөх сайдын үед багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх тооцооллыг буруу хийж, УИХ-д оруулж батлуулсан. Боловсролын салбарын нийт төсөв 5.3 их наяд төгрөг бөгөөд үүний 3.2 их наяд нь цалингийн сан юм. Цалинг 50 хувиар нэмэхийн тулд хамгийн багадаа 1.2-1.3 их наяд төгрөг шаардлагатай байтал ердөө 618 тэрбум төгрөгөөр тооцож төсөвт суулгажээ. Үүний уршгаар салбарын хэмжээнд хос цалингийн тогтолцоо үүсэж, нэмэгдлийг хуучин цалингаас тооцсоноор бодит байдал дээр багш нарын цалин ердөө 20-25 хувиар л нэмэгдсэн байна.

Төсвийн дутагдлаас үүдэн эхний саруудын цалинг тавихын тулд дөрөв, тавдугаар сарын цалингийн сангаас урьдчилан татаж олгосон байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр боловсролын салбарт 44 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн байна.

Үүний улмаас нийт 98 мянган багш, ажилтны тал хувь буюу 44 мянга орчим хүний нийгмийн даатгал тасалдаж, жирэмсний болон эмнэлгийн хуудасны мөнгөө авч чадахгүй, банкнаас цалингийн зээл гарахгүй, гадаад руу явах виз мэдүүлэх боломжгүй болох зэрэг хүндрэлүүд үүсээд байна. Түүнчлэн энэ жил тэтгэвэрт гарах 2000 гаруй багшийн тэтгэврийг хуучин, эсвэл шинэ цалингийн аль хэмжээгээр тогтоох нь тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа.

Ерөнхий сайд гэр хорооллын захын сургуулиуд дээр ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцсаны дараа уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах чиглэл өгсөн. Одоогоор 1.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх тооцоолол дээр ажиллаж байна. Эхний ээлжинд газар нь шийдэгдээгүй, шинээр эхлэх сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын зардлаас танах замаар 100 орчим тэрбум төгрөг гаргах боломжтой. Харин 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн хоолны 360 орчим тэрбум төгрөгийн зардлыг хөндөх боломжгүй.

Цаашид дотоод зохицуулалт хийж, өнгөрсөн оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал зэргээс эх үүсвэр бүрдүүлэн тавдугаар сарын 1-нээс цалингийн зөрүүг олгож эхлэх бөгөөд долоодугаар сараас хэтрэхгүйгээр төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Төсвийн тодотголоор Засгийн газрын бонд гаргах буюу зээл авах, эсвэл төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар энэхүү 1.1 их наяд төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээс өөр гарцгүй.

12 дугаар ангийн монгол хэл бичгийн шалгалтад хяналт тавих ажлын хэсэг гаргаж, үнэлгээний төлөвлөгөөг цахимжуулах чиглэлээр ажиллаж байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.