?Ээж н.Алтантуяа: Одоо ахиж шүүх хуралд ормооргүй байна. Хүүхдийнхээ ясыг өндөлзүүлье гээд ч ясгүй болсон
Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ар гэр бүлийнхэн мэдээлэл хийв.
П.Батчулуун эмчид холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ээж н.Алтантуяа:
-П.Батчулуун эмчийн хэрэгт холбоотойгоор миний охиныг цахим орчинд байнга буруутан болгож элдвээр хэлж байна. Миний хүүхдийн хамаг эрхтэнийг нь авчихаад эцэс сүүлд нь буруутан болгож байгаа учир сэтгэл өвдөж аргагүй эрхэнд мэдээлэл хийж байна
Миний охин "А" анх 2023 оны наймдугаар сарын 5-нд зам тээврийн осолд орсон. ГССҮТ-д ар гэрийнхэн нь өглөө очиход "Тархины үхжилттэй" гээд хагалгаа хийсэн байсан. Наймдугаар сарын 7-ны өдөр ГССҮТ-ийн эмч нар “Та охиноо донор болгооч ээ. Тархины гэмтэлтэй, ямар ч найдваргүй болсон. Энэ тохиолдолд мянгад нэг л сэхдэг юм аа” гэсэн. “Эргээд сэрнэ. Миний охин босоод ирэх байх аа” гэхэд “Ер нь хэцүү шүү. Хагалгаанд ороход бэрх байсан шүү” гэж эмч нар тайлбарласан.
ГССҮТ-ийн эмч нар биднийг өдөрт хэд хэдэн удаа дуудсан. Бид П.Батчулуун эмчтэй уулзахад “Элэг, хоёр бөөртэй нь өгөөч ээ” гэхэд өдөржин эргэлзэж, үнэхээр миний охин босож ирэхээргүй болсон бол эцэг, эх, үр хүүхдээ босоод ирэхийг хүлээж байгаа түмэнд буян болохоор шийдсэн. Ингээд охиныхоо хоёр бөөр, элэгийг хандивласан. Охиноо донор болготол хөлийнх нь яс, шөрмөс бүгдийг нь авсан байсан. Охиноо оршуулахад мэдсэн.
“Элэг, бөөр хандивлана” гээд гарын үсэг зурсан байхад хөл, гарын яс, шөрмөс бүх эрхтэнийг нь авчихаад хоосон хальсан дотор нь цутгамал цутгаж, төмөр утсаар оёод хүлээлгэж өгсөн. Хүн чанаргүй. Хүнээ аваарай гээд шидэх шахуу өгсөн байсан. Одоо цахим орчинд яагаад охиныг минь элдвээр хэлээд ард үлдсэн гэр бүлийнхнийг нь зовоогоод байгаа юм бэ.
Цахим орчинд хүмүүс миний охиныг “Үхсэн бол хамаг эрхтэнийг нь аваад донор болгох хэрэгтэй шүү дээ” гэж байна. Хэн ч хүнээ алдаж, хамаг эрхтэнийг тонуулчихаад хоосон хальс оршуулахыг хүсэхгүй. Бид нэг төгрөг ч аваагүй. “Хүүхдийнхээ эрхтэнг хэдэн төгрөгөөр зарсан юм?” гээд цонх руу чулуу шидэж хагалж байна. Би хүүхдийнхээ эрхтэнг зараагүй. Хүнээс мөнгө аваагүй. Миний охин гурван хүүхдээ ээждээ орхиод, бусдад буян болоод тэнгэрт хальж байхад яагаад хар буруу хэлээд байгаа юм бэ.
“Өөр эд эрхтэнд нь гар хүрэхгүй ээ. Тэрийг би амлаж байна” гэж П.Батчулуун эмч өөрөө хэлсэн. П.Батчулуун эмч хэлсэн үгэндээ хүрсэн бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан шүү дээ. Одоо надаас юу хүсээд байгаа юм бэ? Анхнаасаа үнэн зөв хэлсэн бол ямар эх хүүхдийнхээ бүх эд эрхтэнг тонуулахыг хүсэх юм бэ.
Энэ хэргийг буцаагаад задалъя гээд байгаа бол задлахад бэлэн байна. Би хоёр жил шүүх хуралд орж уйлсан. Одоо ахиж шүүх хуралд ормооргүй байна. Хүүхдийнхээ ясыг өндөлзүүлье гээд ч ясгүй болсон. Үлдсэн гурван ачтайгаа би тайван амьдармаар байна хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.