?LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг эзэндээ үйлчилж байна
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тушаалыг хүчингүй болгосон асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Шүүхтэй холбоотой асуудал болохгүй байгаа гэдгийг би олон удаа хэлж байсан. Иргэд маань шүүхийн байгаа байдлыг одоо харж байна. Ц.Элбэгдорж, түүний ойрын этгээдүүдэд манай шүүх огт үйлчилдэггүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудал хэдэн ч удаа шүүхээс буцаж байна. Бараг арав гаруй жил болж байна.
Өнөөдрийн шүүхийн шийдвэр ойлгомжтой байсан. Гашуунсухайт-Ганц мод боомтын хэлцэлтэй холбоотой. Хоёр улсын засгийн газар гуравдагч этгээдийг оролцуулахгүй гээд хэлцлийн эхний шат эхлээд явж байна. Ц.Элбэгдоржийн эцсийн сонирхол Тавантолгойг өөрөө авах л байсан. Энэ ерөөсөө нууц биш. 2013 онд Засгийн газрын төлөөлөл Х.Ганболд, Г.Батцэнгэл, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй очоод Хятадын талд "Тавантолгойг өгье" гэсэн байдаг. Бүх протокол нь байгаа. Хоёр улсын Засгийн газар бус, заавал аж ахуй нэгж орно гэж гарын үсэг зурсан байдаг. Ингээд 49,17,17,17 гэдэг хувиар Таван толгойн лицензийг дөрөв хуваах хэлцэл дээр гарын үсэг зурагдаад, 2014 оны наймдугаар сарын 21-23-ны хооронд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч холбогдох байгууллагуудтай гарын үсэг зурсан. Ингээд энэ баримт бичгээ устгасан.
Сая би Шанхайд очих үеэрээ "Чайна энержи" компанийн төлөөлөлтэй уулзах үерээ энэ баримт бичгийг сураглаж, энэ баримт бичгийг авсан. Энэ баримт бичгийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Холбогдох байнгын хороодын дарга нарт үзүүлсэн. Ингээд үнэнд гүйцэгдэж хил холболтын асуудал УИХ-аар ямар ч эсэргүүцэлгүй батлагдсан юм.
2003 оноос эхэлсэн Тавантолгойг өөрийн болгох гэсэн хэсэг бүлэг хүний эрхийг маш ихээр зөрчиж байгаа юм. Хоёрдугаарт, Гашуун сухайт-Ганц мод боомтын хил холболт нь Тавантолгойг өөрсдийн өрсөлдөгч гэж хардаг хоёр гурван компанийн эрх ашгийг зөрчиж байгаа юм. Гуравдугаарт, Баяннуурт байгаа улс төрчдийн 11 нүүрс тээврийн бизнес нь дампуурна.
Жагсаал цуглааныг П.Цагаан, түүний хүү (Ц.Мөнхтүвшин) санхүүжүүлж байгаа. Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул энэ жагсаалыг санхүүжүүлж байгаа. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай холбоотой.
Үнэнд гүйцэгдээд байгаа учир Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж удахгүй хүрч ирж олны толгойг эргүүлэх гэж байгаа. Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг эзэндээ үйлчилж байна. Хоёр дахь асуудал нь Үндэсний баялгийн сангийн хуультай холбоотой. Орд газруудын 34 хувийг энэ сан руу авна гэнгүүт наад хүмүүс чинь ҮХЦ-д хандах гэж байгаа юм. Энэ хуулиа нүдний цөцгий мэт хайрлахгүй бол хуйвалдаан явагдана. Томилогдсон, эзэндээ үйлчлэх ёстой шүүгчид үүнд оролцоно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.