УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Б.Наранбаяр сайд хүнээс гарахааргүй алдаанууд гаргаж байна

Багшийг 45 хоногийн сургалтаар бэлтгэх, багшлах эрхийн гэрчилгээ олгохоор Боловсролын яам шийдвэр гаргаад байна. Үүнтэй холбоотойгоор нийгэмд санал шүүмжлэл, өрнөөд буй юм. Манай сайт олон талын байр суурийг хүргэж байгаа билээ. УИХ-ын гишүүн, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяагийн байр суурийг хүргэе.  

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Тун удахгүй аравдугаар сарын 1-нээс УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. Энэ үеэр боловсролын салбарын багш ажилчдынхаа төлөөлөл болж шийдвэр гаргах, бодлого боловсруулах чиглэлд ажиллана. Намайг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байсны хувьд хаачив гэж асууж байх шиг байна. Би байгаа шүү гэдгээ хэлье.

Аливаа юмыг эхлүүлэх хэцүү л дээ. Б.Наранбаяр сайд асуудал ихтэй үед Боловсролын сайд хийж байгаа. Энэ хүний ухаан, чадвар, мэдрэмж хэрэгтэй. Зөв менежментээр ажиллаж чадвал салбараа босгоод ирэх боломжтой. Сайн багш, ажилтан олон бий. Салбарынхаа төлөө сэтгэл гаргаж, сайн ажиллаж чадвал босгоод ирэх боломжтой. Манай багш нар айхтар хүмүүс шүү дээ. Үүнийгээ засаад явах юм бол болно. Болохгүй юман дээр нь би дуугарна. Дуугарах ч ёстой. Алдаа гаргахгүй хүн гэж байхгүй. Алдаагаа засаад, асуудлаа олж харж, багш нараа сонсох хэрэгтэй. Дарга нараас илүүтэй багш нараа сонсох ёстой. Багш нарын үгийг сонсож, зөв шийдвэр гаргаж чадвал багш нар хүлээж авна. Ойлголцож ажиллаж чадахгүй бол багш нар хүлээж авахгүй шүү дээ. 

Ер нь боловсролын салбарт олон асуудал бий. Цалингаа нэмж байж энэ салбарыг босгоно шүү дээ. Бага цалинтай учраас сайн багш ажиллахгүй. Тиймээс өрсөлдөөн байхгүй. Өрсөлдөөнгүй учраас чанар ярих ямар ч боломжгүй. Үүнийг долоон, найман жил би ярьж байгаа. Тиймээс цалин хангамжийг нэмэх асуудал дээр анхаарах ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.