Заамарын Засаг “ноён” Б.Самбуугийн гаргаж байсан тогтоолыг биелүүлснийхээ төлөө шүүхээс ял сонсчээ
Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Амгаланбаярт Төв аймгийн сум дундын шүүхээс зургадугаар сарын 2-нд дөрвөн жилийн ял оноожээ.
Тодруулбал, 2021 онд Заамар сумын иргэдийн хамгийн их зорчдог Халзангийн даваа машин явах боломжгүйд хүрч эвдэрсэн байна. Энэ давааг сумын Засаг дарга засахаар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасныг ИТХ-аас дэмжиж, тогтоол баталсан байдаг. Тэр үед Заамар сумын Засаг даргаар Л.Амгаланбаяр, ИТХ-ын даргаар Б.Самбуу нар ажиллаж байжээ.
ИТХ-ын дарга Б.Самбуугийн гаргасан тогтоолыг Засаг дарга хэрэгжүүлснээрээ өнөөдөр шүүхийн хаалга татаад байна. Тухайн үед замыг засах хүчин чадал сайтай техник хэрэгсэл суманд байгаагүй. Тиймээс Заамарт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “Гурван Тамга”, “Ирмүүн Босго” компаниудад ханджээ. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д заасан нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг хүссэн байдаг.
Гэтэл шүүхээс Л.Амгаланбаярыг техник зарсан хүмүүст давуу байдал олгосон гэж буруутгасан байна. Заамар суманд өнөөдөр 22 аж ахуйн нэгж уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэй Заамар сум нийгмийн хариуцлагын гэрээг 2009 оноос хойш хийж ирсэн. Харин 2018 оноос “Заамар сумын хөгжүүлэх сан” нэртэй ТББ байгуулаад, аж ахуйн нэгжүүдийн лицензээс шалтгаалж 50-100 сая төгрөг жилд төвлөрүүлэхийг тусгаж өгчээ.
Улмаар 2021 онд ИТХ-ын дарга Б.Самбуугийн тогтоолоор “Заамарын хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулсан байдаг. Компаниуд зарим үед техник хэрэгсэл авч өгдөг. Цэцэрлэгт хүрээлэн байгуулдаг. Сургууль, цэцэрлэгийн засвар хийдэг. Нутгийн иргэд үүнийг олон жилийн турш хэвийн үзэгдэл байсаар ирсэн гэж ярьж буй юм.
Тухайн үед ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Самбуу өнөөдөр Заамар сумын Засаг даргаар ажиллаж байна. Түүний гаргасан тогтоолыг хэрэгжүүлснийхээ төлөө нэг нь буруудаж нөгөө нь ИТХ-ын даргаасаа дэвшиж, Засаг даргаар ажиллаж байгаа нь шударга үнэнд хэр нийцэх вэ гэдэг асуулт байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.