?Иргэн Г.Пүрэвсүх: В.Путинг эсэргүүцсэний төлөө иргэдийг саатуулж болохгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр "NO WAR" хөдөлгөөнөөс В.Путин Монголын нутаг дэвсгэрт нэвтэрсэн тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхийн заавал баривчлах тогтоолын дагуу үүргээ биелүүлэх ёстой хэмээн үзэж, жагсаал зохион байгуулахаа илэрхийлээд байв.

Улмаар жагсаал зохион байгуулах гэж байсан зургаан иргэнийг Цагдаагийн байгууллагаас саатуулжээ.

Иргэн Г.Пүрэвсүх:

-Өнөөдөр 12 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг эсэргүүцэж, “No War” хөдөлгөөний залуучууд төв талбайн зүүн талд цугласан. Гэтэл цагдаагийн байгууллагаас зургаан иргэнийг хүчээр баривчилсан. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хоёр цагийн турш саатуулагдсан хэвээр байна. Үзэл бодлоо илэрхийлэх гэсний төлөө баривчилж буй нь хууль зөрчсөн хэрэг болж байна. Олон улсын шүүхэд дуудагдсан байгаа хүн манай улсад айлчилж байгааг эсэргүүцэж байна гэв. Харин үүний хариуд албаны хүн тайлбар өглөө. 

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр:

-Нэр бүхий иргэд айлчлалтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт акц өрнүүлэх гэж байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж, тус иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгсөн. Хамгаалалтын бүсэд нэвтэрч болохгүй, гадна байх үедээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь тайлбарлаж өгсөн. Гэсэн ч тухайн иргэд хамгаалалтын нэгдүгээр бүс рүү цагдаагийн алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэж орсон. Мөн, төрийн тусгай хамгаалалтын хууль журмыг зөрчсөн. Улмаар ХЭҮК-ыг оролцуулан мэдүүлэг авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Ямар зорилгоор хамгаалалтын нэгдүгээр шугам руу нэвтэрсэн гэдгийг тогтоож байж хуулийн хариуцлага яригдана гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.