СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-06-06

Монголдоо чанартай, хямд эм авчирсан нэгэн нь шоглуулах цаг дор

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Монголчуудын эмийн хэрэглээ, чанар, стандарт, эмийн олдоц, үнийн асуудал олон жил шүүмжлэл дагуулсан сэдэв байсан. Өнгөрсөн 100 жилд ч, хэтрүүлээд хэлэхэд өмнөх 2000 жилийн төрт улсын түүхэнд ч энэ асуудал дорвитой зохицуулалтгүй явж ирсэн нь үнэн.

Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, хяналт дутмаг, иргэдийн эмийн зүй бус хэрэглээг зохицуулах Засгийн газрын дэргэдэх агентлаг /Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар/ байгуулсан нь эхлэлд өгүүлсэн түүхэн хугацаан дахь хамгийн том, ач холбогдолтой шийдвэр байлаа. Энэ ажлыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын Засгийн газруудын залгамж шийдвэр, гүйцэтгэл байсныг онцлууштай.

Эмийн агентлагийг байгуулсан шалтгаан тун ойлгомжтой. Хэн нэгэн улстөрч, олигарх аль нэг эмийг, хэд, хичнээнийг авахыг шийдэх бус мэргэжлийн агентлаг шинжлэх ухаанчаар судалж, шийдэж, захиална. Худалдан авах ажиллагааг сангийн яам, түүний харьяа агентлагууд хууль хүчний байгууллагын удирдлага, хяналт дор хийнэ. Өөрөөр хэлбэл Монголчууд нэн шаардлагатай голлох эмийг “нэг цонхны бодлого”-р дэлхийн шилдэг үйлдвэрлэгчээс шууд авах, үнийг зах зээлийн гэгдэх дамын үнээр бус, онцгой нөхцлөөр тогтоох боломжтой болсон. Хэдийнэ хэрэгжээд эхэлсэн гүйцэтгэлд, иргэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсээр, өвчиндөө шаналсан иргэд эдгэрч, одоо ч зарим нь өдөр тутамдаа хэрэглэсээр… Тухайлбал, 2021 онд Монголын Засгийн газар Швейцарын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Новартис аксес” хөтөлбөрийн 16 нэр төрлийн өргөн хэрэглэгддэг 24 эмийг үйлдвэрээс нь нэг ам.доллараар татан авч, хэрэглэж байна.

Эмийн агентлагийг байгуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэхэд нь төрийн дэмжлэг үзүүлэх, “шинэ агентлаг”-ийг бусдаас хараат бусаар үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой ажиллах  нөхцөл бүрдүүлэх зөв бодлогыг хэрэгжүүлэх нь тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, түүний багийнхны зорилго байсан, түүнийгээ ч хийсэн.

Үр дүнд нь монголчууд дэлхийн чанартай эмийг, онцгой хямд үнээр авдаг болсон.

Харамсалтай нь дэлхийн чанар, онцгой хямд үнэтэй эмийг оруулж ирсэн Эрүүл мэндийн яам, тухайн үеийн сайд С.Энхболд, түүний багийнхан Төрийн ордондоо улстөрчдөд адлуулаад, гүтгэлгийн бай болоод суухыг монголчууд гурав хоног харна гэдэг бол эмгэнэл. Шалтгаан нь яг эсрэгээр, тэднийг эм хувиараа оруулж ирсэн мэт, огт байгаагүй эмийн сангийн эзэн мэт, олигархтай хамтарч чанаргүй эмийг өндөр үнээр нийлүүлсэн мэтээр гүтгэлэг тараагаад суух улс төрчдөд хэн хариуцлага тооцох вэ. Хоржоонтой байгаа биз.

Дэлхийн чанартай эмийг Засгийн газар оруулж ирсэн нь улс төрчдөд яагаад таалагдахгүй байгаа юм. Эмийн агентлагийг байгуулж, хямд үнэтэй эмийг иргэдэд нийлүүлэх болсон С.Энхболд сайд, түүний багийнхан хэний бизнес, ашиг сонирхолыг хөндчихсөн юм. Гэтэл өнөөх С.Энхболд нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын олон улсын хуралд зорьж очоод Монгол Улсын эмийн чанар, лабораторийн чадвах дээр анхаарч, дэмжиж өгөөч гэж хүсэлт тавьж явсан ганц сайд нь шүү дээ! Эдгээр асуултын хариуг хууль хүчнийхэн гаргаж тавих цаг нь ойртсоор.

Эмийн сонсгол гэгч жүжгийг хийхдээ, зохиол нь дэндүү ядмаг байлаа.

Тухай нь, үнэхээр хэн нэгнийг эмийн сантай, олигархын гар хөл, чанаргүй эм нийлүүлсэн гэж үзэж байгаа бол хууль хүчний байгууллагуудад өгөөд, шалгаад, шорон руу нь явуулаач. Зохиомол хов ярьж иргэдийн толгойг эргүүлэх нь хэний сонирхол юм. Нэгэнт байгуулагдаад, үр шимээ өгөөд явж байгаа эмийн агентлагийн ач холбогдлыг бууруулж, иргэдэд буруу ойлголт өгч, төөрөгдүүлэх нь ямар шалтгаантай юм! Монгол хүн чанартай эмийг, хямд үнээр хэрэглэдэг болох эрхгүй юу! Чанартай, хямд үнэтэй эмийг Монголдоо авчирсан нэгэн нь шоглуулж, цахим орчинд хэн нэгнийг гүтгэн харлуулсан нэгэн нь од болдог цаг дор сэтгүүлч миний бие үзэглэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.