? Мияагино М.Даваажаргалыг хамгийн доод зиндааны "ахмад настан" болгон цол бууруулах уу

Хакуко буюу Мияагино М.Даваажаргалын шавь Макүүчи зиндааны Хокүсэйхо Э.Даваанинж нь залуу бөхчүүдийг дээрэлхэн, хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдсон байна.

Японы сумо бөхийн хороо энэ сарын 21-ний өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд хуралдсан. Тэд Хокүсэйхо Э.Даваанинжийн хэргийг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар түүнд зодог тайлах саналыг хүргүүллээ.
Түүнийг бэлтгэл сургуулилтийн үеэр бусад сумочдын хэтэвчнээс мөнгө хулгайлсан, залуу бөхчүүдийг дарамталж байсан хэмээн буруутгаж байна. Хохирсон сумо бөхчүүд дэвжээний багш Хакухо М.Даваажаргалд хандсан ч "зохих арга хэмжээ аваагүй" тул хороонд мэдэгдэл хүргүүлсэн байна.

Түүний дэвжээний багш Ёкозуна асан Мияагино дэвжээний эзэн М.Даваажаргалын зэрэг дэвийг хоёр дахин бууруулан, цалингаас нь хасах саналыг мөн гаргажээ. Учир нь Мияагино М.Даваажаргал нь өөрийн хариуцаж байсан бөхчүүдийн дэг журмыг сахиулж чадаагүй тул хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. Мияагино М.Даваажаргалыг хамгийн доод зиндааны "ахмад настан" болгон цол бууруулах, нөхөн олговорыг мөн тэр хэмжээгээр бууруулах урьдчилсан саналтай байгаа аж. 

Хокүсэйхо Э.Даваанинж нь баруун өвдөгний гэмтлийн улмаас өнгөрсөн сарын эхний тэмцээний зургаа дахь өдрөөс хойш оролцоогүй аж. Хокүсэйхо Э.Даваанинж нь Монгол гаралтай, Саппорогийн иргэн аж. Тэрбээр 204 см өндөртэй, 182 кг жинтэй, дөрвөн хөлний сумогийн онцгой ур чадвараараа өндөрт тооцогддог бөх юм байна. Өнгөрсөн хаврын тэмцээнд анхны барилдаанаа хийсэн. 

Тэрбээр өчигдөр Японы сумо бөхийн хороонд тайлбар өгсөн бөгөөд гарч ирээд өгсөн ярилцлагадаа, өөрийн гэм буруугаа ухамсарлан чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ сарын 23 буюу маргааш болох Японы сумо бөхийн хорооны ээлжит бус хурлаар эцсийн шийдвэрийг гаргана. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд долоон шатлалтай арга хэмжээ авдаг бөгөөд хамгийн хүнд нь сумогийн дэвжээнээс хөөх, удаах нь зодог тайлах шийтгэл юм. Гурав дахь шатлалын шийтгэл нь "цол бууруулах" бөгөөд энэ шийдвэрийг Мияагино дэвжээний эзэн М.Даваажаргалд өгч магадгүй байна. 

Эх сурвалж: NHK

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.