СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-30

Камила Валиевад 4 жилийн хориг тавьж, АНУ-ын баг олимпын алтан медалийн эзэд болов

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
5 сарын өмнө

ОХУ-ын уран гулгагч Камила Валиеватай холбоотой допингийн асуудал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ахицгүй байсны эцэст Спортын арбитрын шүүх түүнд дөрвөн жилийн хориг тавих шийдвэрийг өнгөрөгч даваа гарагт гаргажээ. Ингэснээр "Бээжин-2022" өвлийн олимпын наадмын Уран гулгалтын багийн төрөлд түрүүлсэн Оросын олимпын хорооны баг тамирчид алтан медалиа хураалгаж, мөнгөн медаль хүртээд байсан АНУ-ын баг албан ёсоор олимпын аваргууд болов.

Хоёр жилийн өмнө болсон тус наадмын үеэр Валиева допингийн шинжилгээндээ бүдэрсэн нь ил болж, Олон улсын олимпын хорооноос уг хэрэг шийдэгдтэл Уран гулгалтын багийн төрлийн медалийг гардуулахгүй байх шийдвэр гаргасан билээ. Өдийг хүртэл медалиа авахаар хүлээж, Олон улсын спортын дээд шүүхийг шийдвэрээ хурдан гаргахыг шаардаж, ихэд бухимдаж буйгаа илэрхийлээд байсан уран гулгагчид удаан хүлээсний эцэст медалиа хүртэхээр болсон ба

Спортын арбитрын шүүхийн мэдэгдэлд "Камила Валиеваг допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэж тогтоосон тул 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн дөрвөн жилийн хугацаатайгаар эрхийг нь хассан" хэмээжээ. Уг шийдвэрийн дагуу, тус өдрөөс хойш Валиевагийн гаргасан бүх амжилт мөн хүчингүй болж байгаа аж. Гэхдээ түүний эсрэг хориг арга хэмжээ 2026 оны Милано-Кортинагийн өвлийн олимпын наадмаас өмнө дуусах юм.

Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг сайшаан хүлээн авахын зэрэгцээ Оросын олимпын хорооны албаныхан болон Камила Валиевагийн эргэн тойрны насанд хүрэгчдэд хариуцлага тооцох ёстойг онцолсон байна. Тус агентлагийн Ерөнхийлөгч Витольд Банька энэ талаар "Насанд хүрээгүй хүүхдэд допинг өгсөн хүн шоронд байх ёстой. Хүүхдүүдэд сэргээш нийлүүлэх явдлыг гэмт хэрэг гэж үздэг болохыг олон улсын Засгийн газруудад зөвлөж байна" гэжээ.

Тухайн үед ОХУ-ын баг тамирчид мөн допингийн хэрэгтэй холбоотой өргөн хүрээний хориг арга хэмжээний улмаас улсынхаа нэрээр бус Оросын олимпын хорооны туг далбаа дор оролцож, төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй. Харин ОХУ-ын зүгээс тус улсад Засгийн газрын дэмжлэгтэй допингийн хөтөлбөр хэрэгжүүлснийг үгүйсгэсэн байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд энэ удаагийн шийдвэрийг улс төрийн зорилготой гэж буруушаасан байна.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.