Туркийн ерөнхийлөгч Эрдагоныг шоглосон комедианд ял оноожээ
Истанбул хотын анхан шатны шүүхээс Туркийн 32 настай комедиан Дениз Гөкташид Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон шашны үнэт зүйлсийг доромжилсон хэргээр 19 сар 10 хоног хорих ял оноож, давж заалдах шатны шийдвэр гарах хүртэл суллах шийдвэр гаргалаа.
Урьдчилан хорих байранд 88 хоног саатуулагдсан уран бүтээлчийг даваа гаргийн орой Каратепе чанга дэглэмтэй хорих ангиас батлан даалтад гаргасан байна.
Шүүх хурлын шийдвэрээр Гөкташид Ерөнхийлөгчийг доромжилсон үндэслэлээр 11 сар 20 хоног, шашны үнэт зүйлсийг олон нийтийн өмнө гутаан доромжилсон гэх заалтаар 7 сар 15 хоногийн хорих шийтгэл ногдуулжээ. Харин прокурорын зүгээс түүнд тулгаж байсан гэмт хэрэг, гэмт хэрэгтнийг магтан сайшаасан гэх гурав дахь зүйл ангийг шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Комедиан Дениз Гөкташийг өнгөрсөн долоодугаар сарын эхээр хилийн чанадаас эх орондоо буцаж ирэх үед нь Истанбулын нисэх онгоцны буудалд баривчилсан юм. Түүний "Өлү Дениз" буюу "Үхсэн тэнгис" нэртэй бие даасан комеди тоглолтын бичлэг цахим орчинд нийтлэгдэж, YouTube болон бусад талбарт 9-15 сая хүртэлх үзэлт авсан нь эрх баригчдын анхаарлыг татжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын гомдол хүлээн авах системээр дамжуулан иргэдээс ирсэн 185 гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, улмаар түүнийг Текирдаг мужийн Чорлу Каратепе шоронд тусгаарлан хорьж байв.
Шүүхийн танхимд Гөкташ өөрийн улс төрийн хошигнолд гэмт хэргийн сэдэл агуулагдаагүй хэмээн байр сууриа хамгаалсан юм. Тэрбээр Ерөнхийлөгч Эрдоганыг өмнө нь ичимхий дарангуйлагч байснаа өөртөө итгэлтэй нэгэн болж өөрчлөгдсөн хэмээн шоглосныхоо төлөө буруутгагдсан билээ.
Уран бүтээлч шүүх хуралдааны үеэр дарангуйлагч гэдэг үг бол доромжлол бус, харин улс төрийн тодорхойлолт гэдгийг онцолж, хошигнол өөрчлөгдөөгүй бөгөөд зөвхөн шоглоомыг тэвчих чадваргүй болж эмзэгшсэн удирдагчид л өөрчлөгдсөн хэмээн мэдэгдсэн байна.
Чаглаян дахь шүүхийн байрны гадаа комеди клубийн уран бүтээлчид болон сэтгүүлчид цуглан, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд уг шүүх хурлыг Нидерланд болон АНУ-ын дипломат төлөөлөгчид биечлэн ажиглажээ. Суллагдсаныхаа дараа Гөкташ үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө олон мянган хүн Туркийн шоронд хоригдсоор байгааг сануулж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлыг дахин хөндсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.