СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгджээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байна.

Ёслолын арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хүрэлцэн ирсэн хүндэт зочид, гар урчууд, бүтээлч үйлдвэрлэгчдийн төлөөлөлд талархал илэрхийлээд “Засгийн газар хийгээд нийслэлийн бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагаа томоохон үүд хаалгыг нээж байна. Эсгий урлал бол Монгол төдийгүй дэлхий дахинд танигдсан байгаль орчинд ээлтэй, “амьсгалдаг” технологи учраас олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. Үндэсний хувцас, эсгий урлал, ардын бүжгийг бүтээлч үйлдвэрлэлээр хотын эдийн засгийг нэмэгдүүлэх боломж хэмээн үзэж байна” гэсэн юм.

ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ” нь 2004 оны зургаадугаар сард байгуулагдсан. 80 гаруй улсын 355 хот нэгдсэн бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө соёл, бүтээлч байдал болон инновацад хөрөнгө оруулалт хийж буй хотуудын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий санаачилга юм.

ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь Төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан “Улаанбаатар хот “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орсноор олон давуу тал бий болж байгаа. Мөн олон улсад танигдах чухал алхмыг хийж байгаагаас гадна олон хоттой хамтран ажиллах боломж бүрдэнэ. Улаанбаатар хот жуулчдад нэгэн зэрэг олон зүйлийг санал болгох боломжтой хот гэдгээрээ онцлогтой. Бүтээлч байх нь тогтвортой хөгжлийн үндэс. Улаанбаатар хотод ЮНЕСКО-ийн албан ёсны оффисыг байгуулахаар ярилцана” хэмээв.

“Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орохын тулд улс орнууд өөрсдийн хотын соёлын үнэт зүйл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өв тээгчдийн нөөц, дэд бүтцийн хөгжлийн онцлогуудаас хамааран соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбараас (уран зохиол, хөгжмийн урлаг, кино урлаг, дизайн урлаг, хоолны урлаг, хэвлэл мэдээллийн урлаг, гар урлал ба ардын урлаг) сонгон хүсэлт хүргүүлдэг. Энэ дагуу “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнөөр ахлуулсан Ажлын хэсэг нарийн судалгаа хийн ажилласнаар ардын урлаг, уламжлалт гар урлал төрлөөр ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд Улаанбаатар хотыг амжилттай бүртгүүллээ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид дэлхийн 355 хоттой ЮНЕСКО-ийн нэрийн дор бүтээлч хамтын ажиллагааг тэлэх боломж бүрдэж буй юм.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. ДНБ-ий 64 хувь буюу 35 их наяд гаруй төгрөгийг Улаанбаатар хот “үйлдвэрлэдэг”. ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд бүртгүүлэх Ажлын хэсгийг хагас жилийн хугацаанд ахлан ажиллалаа. Тус сүлжээнд Улаанбаатар хот нэгдэн орсноор ЖДҮҮ эрхлэгчид шинэ түвшинд гарч, дэлхийн зах зээлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулаад зогсохгүй хотын эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ” гэсэн юм.  

 “Бүтээлч хотуудын сүлжээ” (UCCN)-нд нэгдсэнээр гишүүн хотууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  • Сайн туршлага, мэдлэг, шилдэг ололт, амжилтаа хуваалцах,
  • Соёл, урлагийн солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх,
  • Хотуудын туршлагад суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах,
  • Хотын тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хамтран боловсруулах,
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах багтаж буй.
Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.