Йемений мөргөлдөөны улмаас олон мянган дүрвэгч Улаан тэнгисийг гаталж эхэллээ
Йемений баруун эрэг орчмоор зэвсэгт мөргөлдөөн дахин дэгдэж, олон мянган энгийн иргэн Улаан тэнгисийг гатлан Зүүн Африк руу дүрвэж байна. Ираны талыг баримтлагч Хусит босогчид Баб эл-Мандебын хоолойн чиглэлд гэнэтийн давшилт хийснээр НҮБ-ын зуучлалаар 2022 онд тогтоосон дөрвөн жилийн тайван байдлыг эвдэж, эрэг дагуу тулаан дэгдэхэд хүргэлээ.
Хуситын цэргүүд болон Саудын Арабын дэмжлэгтэй Йемений засгийн газрын армийн хооронд Дубаб боомт хот, Кахбуб уулс болон Таиз хотын захад хүчтэй байлдаан өрнөж байна. Саудын Араб хариу арга хэмжээ болгон эрэг орчмын бүс нутаг болон Таиз, Хажжа мужуудад олон зуун агаарын цохилт өгчээ. Харин Хуситууд Саудын Арабын баруун өмнөд хэсгийн дэд бүтцэд нисгэгчгүй онгоц, пуужингаар цохилт өгч, улмаар мөргөлдөөн болон агаарын довтолгооны улмаас 700 орчим хүн амь үрэгдээд байна.
Тасралтгүй үргэлжлэх бөмбөгдөлт, газрын довтолгооны улмаас энгийн иргэд буюу ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд загас агнуурын завиар Йемен болон Африкийн эвэр хойгийг заагладаг 30 километр өргөн Баб эл-Мандебын хоолойг гаталж эхэлжээ. Есдүгээр сарын 10-наас хойш 3000 гаруй дүрвэгч Жибути улсын Обок боомт болон Годориа, Хор Ангар, Мулхуле зэрэг эрэгт хүрч очсон байна. Дүрвэгсдийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг болон Жибутийн засгийн газрын хамтран ажиллуулдаг Маркази хуаранд хүлээн авч байгаа боловч байр, агуулахуудын багтаамж хүрэлцээгүй байгаа аж.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон НҮБ-ын мэдээлснээр Йемений дотор 120-130 мянга гаруй иргэн дүрвэж, Таиз мужийн түр хуарангуудад төвлөрч байна. Хэрэв дайн энэ хэвээр үргэлжилбэл дотооддоо дүрвэгсдийн тоо 230 мянгад хүрч, Жибути руу дүрвэгчдийн тоо 10 мянга давах эрсдэлтэй байгааг НҮБ-аас анхааруулжээ.
Эх сурвалж:
• cfr.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.