Л.Энх-Амгалан: Хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг сурагчдын үдийн хоолонд зарцуулах хувилбар байна
ЕБС-ийн 1-5 дугаар ангийн нэг сурагчийн үдийн хоолны зардал 1,500 төгрөг. Ийм мөнгөн дүнгээр хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол бэлтгэх боломжгүй тул зардлыг нэмэх шаардлага үүсээд байгаа юм. Төсөвт дарамт болохгүйгээр цэцэрлэг, сургуулийн сурагчдын үдийн хоолны төсвийг шийдэх хамгийн боломжит хувилбар хүүхдийн 100 мянган төгрөгөөс санхүүжилтийг гаргах хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2470 төгрөг. Үүнийг 4000 болгох шаардлагатай. Цэцэрлэг, 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардал нь 170 орчим тэрбум байгаа. Нэмэгдээд тогооч нарын цалин гээд нийтдээ 230 тэрбум төгрөг улсын төсвөөс гардаг. Үдийн хоолны зардлыг нэмэхийн тулд дахиад 230 тэрбумын эх үүсвэр хэрэгтэй.
Миний бодож байгаагаар хамгийн оновчтой хувилбар хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг хүүхдийнх нь хоолны зардалд оруулах шийдвэр. Хэрвээ хэрэгжүүлж чадвал 1-12 дугаар ангийн бүх сурагчдад үдийн хоол өгөх боломжтой болно.
Жил бүр 20 мянган хүүхэд сургуульд ордог. Сургууль, цэцэрлэг шинээр барих шаардлагатай үед дахиад 230 тэрбум олно гэдэг эрсдэлтэй. Тэгэхээр 230 тэрбумаар цэцэрлэг, сургууль барих эсвэл хүүхдийн хоолны зардлыг нэмэх сонголт байна.
Мэдээж зуны гурван сар хүүхдийн 100 мянган төгрөгийг бүрэн олгоно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.