Б.Ганхуяг: Намайг шоронгоос гаргачихвал маш олон хүний зүрх зогсох гээд байна
Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов.
Нүүрсний гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Үдээс өмнөх хуралдааны үеэр яллагдагч Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж буйгаа мэдэгдэж, тус асуудалтай холбогдуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг завсарлуулсан юм. Ингээд 14.10 цагийн орчимд шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн ч шүүгдэгч Б.Ганхуяг дахин нийт шүүгч нараас татгалзах хүсэлт гаргалаа. Түүний хүсэлтийг шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдвэрлэх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг:
-Бид энд золиослогдоод тэд тэнд үлдэж болохгүй, ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Нүүрсний том эзэн нь Т.Аюурсайхан юм уу. Надтай хальт найзалсны төлөө энд суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя.
Оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, хил гааль, тендер хаана байгаа юм. Би АТГ-т бүгдийг нь хэлсэн. Ингээд дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө алд нь үлдэх юм уу. Тэрэнд нь би хамааралгүй байхгүй юу даа.
Ч.Хүрэлбаатар бил үү, Эдийн засгийн сайд Солонгост орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичих юм уу. Өө, тэгвэл бүгдийг нь бичээд аваад ир л дээ. Эцэггүй хүүхдүүд байвал бүгдийг нь над дээр биччих.
Намайг жагсаалаар энд оруулж ирсэн. 68 хүн баригдсан шүү дээ. Одоо би гав ганцаархнаа байна. Есөн сар. Яахав байлга. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Гадаа гаргаж үг хэлүүлэхгүй байна. Ганц боломж нь энэ байна
Ерөнхий шүүгч Б.Халиун та энд байгаад байгаа учир би юу ч ярихгүй. Угаасаа ялын тогтоолыг биччихсэн юм байна. Намайг ингээд хэлэхээр маргааш баахан хэвлэлийн хурлууд болно. Хамгийн түрүүнд гарч ирсэн нь хулгайч шүү. Тэр нүүрсний хэргийн эзэн.
УИХ тэр чигээрээ над руу дайрлаа. Засгийн газар ч тэр чигээрээ дайрлаа. Нам, эрх баригчид, хэвлэл, хар масс хүртэл дайрлаа. Үзэн ядалтан дунд би сая есөн сар байлаа. Би чив чимээгүй байсан. Яагаад намайг яриулахгүй байгаа юм.
Жагсаал гэж оруулж ирээд есөн сар байлгачихаад дахиад хорих юм уу. Яагаад гэвэл тэд айж байгаа учраас
Тиймээс би Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэхийн тулд жүжгийг чинь би мэдэж байна. Адилхан хоёр талаасаа жүжиг найруулъя. Хэн нь ил явах уу, хэн нь далд явах уу гэдгээ ярья.
Дээр нь, би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулна гэж ярьсан, тийм зүйл байхгүй. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээхгүй, хэрэг хийгээгүй учир гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.